Ан агнуурын менежментийн төлөвлөгөөтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-18 20:53:27
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг ан агнуурын менежментийн төлөвлөгөөгөө шинэчлэн гаргаж байна. Ингэснээр нутаг дэвсгэр дэхь ан амьтдын тоо толгойг тогтоон, тархац, байршлыг нарийвчлан судалж, тэдгээрийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэний үндсэн дээр зүй зохистойгоор агнаж ашиглах боломжийг бүрдүүлэх юм.

2006 оноос хойш Дундговь аймгийн нутаг дэвсгэрт тусгай зориулалтаар ан агнаагүй бөгөөд 2015 оноос эргээд энэ төрлийн ан агнаж эхэлсэн. Тиймээс байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу төлбөрийнх нь  хувь хэмжээг тогтоох шаардлага гарч, өнгөрсөн хавар аймгийн ИТХ- аас дараахь хэмжээг тогтоосон байдаг.
Ахуйн болон  үйлдвэрлэл, соёл шинжлэх ухааны зориулалтаар агнасан ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар, мөн ахуйн зориулалтаар шувуу агнах зөвшөөрлийн нэг удаагийн эрхийн бичиг 10 мянган төгрөг, ахуйн болон үйлдвэрлэл соёл шинжлэх ухааны зориулалтаар агнасан, барьсан бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны толгой тутмын экологи эдийн засгийн үнэлгээний 2 хувь байхаар баталсан юм.

Үүнтэй холбогдуулан агнуурын бүс нутгийг мөн тогтоосон бөгөөд үүнд Баянжаргалан, Өндөршил, Дэлгэрхангай,Сайхан- Овоо, Гурвансайхан, Өлзийт сум багтсан байна. Одоо эдгээр нутагт аль төрлийн ан амьтан тархан байршсан, тоо толгой, өсөлт үржил нь ямар байгааг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулж, ан агнуурын менежментийн таван жилийн төлөвлөгөөг гаргаж байгаа ажээ.

Тус аймгийн нутгаас цагаан зээр, монгол тарвага, аргаль, янгир агнаж ашиглах боломжтой бөгөөд агнаж ашиглах хэмжээг нь тодорхойлохдоо, тухайлбал, цагаан зээрийн агналтын хэмжээг нийт нөөцийнх нь 0.5 хувиар, монгол тарвагыг 4, аргаль, янгирыг тус бүр 2 хувиар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, 12-13 аргаль, янгир, 24 монгол тарвага, 230 гаруй цагаан зээр агнаж ашиглаж болохыг мэргэжлийн байгууллага тодорхойлжээ.

Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ