Галын аюултай 500 гаруй зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-14 15:33:46
Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр болгосон байдаг. Энэ өдрөөр Архангай аймгийн Онцгой байдлын газраас Эрдэнэбулан сумын 1, 3, 4 дүгээр багт өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр дээрх багийн иргэдэд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулиудыг сурталчилж, иргэдийн өөрсдийнх нь эрх үүргийг тайлбарлан таниулсан байна. Мөн гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгожээ.

Мөн өдөрлөгийн өдөр аймгийн төвийн 1, 4, 5, 7 дугаар багийн айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж 1100 орчим айл өрхөөр орж, гал түймрийн аюул гарч болзошгүй үнс нурамны буруу хадгалалт, цахилгаан угсралт, пийшин зуух, шатамхай материал хадгалсан нийт 500 гаруй зөрчлийг илрүүлж, зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөвлөгөө өгч, зөвлөмж гарын авлагыг иргэдэд тараажээ. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан. Уралдаанд сурагчдын нийт 25 бүтээл ирснээс нэгдүгээр байрт 4 дүгээр сургуулийн 9в ангийн сурагч Г.Тунгалагтамир, хоёр, гуравдугаар байрт 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч А.Цэрэннадмид, 12а ангийн сурагч Б.Төгөлдөр нар шалгарчээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ