Буудайн үнэртэй Сэлэнгийн намар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-13 23:52:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Буудайн үнэр, буцалсан их ажил, оргилсон их эрч хүч, шинэ гурил, шинэ талх, шинэ ногоо гээд шинэлэг бүхнийг бүтээж байдаг Сэлэнгийн намрыг хөдөлмөр амтагдсан, их ирээдүй рүү урин дууддаг улирал хэмээдэг юм.
Тиймээ. Халиуран найгах тариан дунд трактор комбайн сэлж, бункерээ дүүртэл будаагаа хураасан комбайны дохио даллаж, тэвш дүүрэн будаатай алтан шар замаа чимэн урагшлах будааны машины цуваа, үтрэм дүүрэн шаргалтах будаагаа нуруулдах залуусын хөгжилтэй дуун, тал дүүрэн ярайх өвсөн бухлууд, ширээ дүүрэн алаглах төрөл бүрийн хүнсний ногоо, шүлс асгаруулам амтаараа гайхуулах олон төрлийн амтат жимс жимсгэнэ. Энэ бүх дүр зураг Сэлэнгэ нутгийн намар намрын өнгийг тодотгон, бусдаас ялгаруулж өгдөгөөрөө онцлогтой.
Нэгэн дор солонгын олон өнгийг цогцлоон,  өгөөж хишгээ хайрлан байдгаараа Сэлэнгийн намар тун ч гайхалтай билээ. Бусдаас ялгарам, бусдаас давуу энэ л өнгөө тодруулсаар уйтайхан, гундуухан, сэтгэл сэмрээн буцдаг намрын гунигийг үргээн, шинэ бүхнээр урин дуудаж, хавартаа эргэн золгуулдагаараа Сэлэнгийн намар өнгөлөг байдаг юм.
Хамар цоргим үнэрээ ханхлууланхан өглөө бүхнийг угтах шинэхэн талхны амт, шим тэжээл дүүрэн хүнсний ногоо, эрч хүч хайрласан жимс жимсгэнэ энэ бүхний цаана Сэлэнгэ түмний минь сэтгэлээ шингээн зүтгэсэн хөлсний дусал бүхэн шингэсэн юм.        

-Энэ жил Сэлэнгэ аймаг нийтдээ 203.1 мян.га талбайд тариалалт хийснээс 151.1 мян.га-д улаанбуудай, 966 га-д арвай, 2779 га-д овъёос, 2896 га-д гурвалжин будаа, 11072 га-д тэжээлийн ургамал, 34257 га-д тосны ургамал, 2572 га-д төмс, 2540.3 га-д талбайд хүнсний ногоо тариалсан. Өнөөдрийн байдлаар үр тариа 99423.3 тн, арвай 29 тн, овьёос 1743.8 тн, тэжээлийн ургамал 2607 тн, тосны ургамал 4067 тн, төмс 23468.4 тн, хүнсний ногоо 24079.8 тн-ийг хураагаад байна. Сэлэнгэ аймаг 1.6 сая толгой малтай. Жилдээ малчдын хэрэгцээнд зориулж 121.1 мянган тн өвс, 24.2 мянган тн хүчит тэжээл, 4.8 тн эрдэс тэжээл бэлтгэн авах шаардлага байдаг. Одоогоор 76920 тн өвс, 60 тн хүчит тэжээл, 910 тн гар тэжээл базаагаад байгаа. Мөн аймгийн хэмжээнд жилдээ 150.0 мянган тн байгалийн хадлан бэлтгэдэг боловч энэ жил хуурайшилт ихтэй, гандуу байснаас төлөвлөсөн хэмжээний хадлан бэлтгэх боломжгүй болж, 45.0 мянган тн өвс дутуу бэлтгэх болоод байгаа юм. Энэ жилийн хувьд Орхонтуул, Орхон, Сант, Баруунбүрэн, Сайхан, Мандал, Баянгол зэрэг суманд хадлангийн гарц тааруу, өвс бэлтгэх боломж бага байгаа. Харин Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Ерөө, Хүдэр зэрэг сумдад хадлан авах боломжтой учраас эдгээр сумдаас хадлангаа бэлтгэж байна. 
 
Таны ширээг чимэх эрт ургацын ногоог Орхоныхон бэлтгэж байна
Сэлэнгэ аймгийн ногоочид хамгийн түрүүнд шинэ ургацын ногоогоороо бэлэг барьж, монгол түмнийхээ ширээг чимж,  эрт ургацын төмсний зах зээлийг тодорхойлдогоороо алдартай. Энэхүү шинэ ургацын төмсийг тус аймгийн Орхон сумын “Шийр” суурингийн ногоочид бэлтгэн нийлүүлдгийг тэр бүр хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Шинэхэн ургацын төмсөө хэрэглэгчиддээ нийлүүлж буй Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Буяндалай” компани нийт 25-26 га эргэлтийн талбайтай. Энэ жил эднийх 16 га газарт тариалалт хийжээ. Эрт ургацын төмс нэлээд арчилгаа шаарддаг учраас талбайдаа дөрвөн удаа усалгаа хийж байж наадмын үеэр хураалтаа хийсэн гэнэ. Шийрийн ногоочдод энэ жил Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн 200 гаруй сурагчид, 20 гаруй багшийнхаа хамт ирж тусалсан байна. Шийрийн сууринд тариалж байгаа төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой сайхан төмс байдгаараа онцлогтой юм.
 
Удам залгасан залуу ногоочин Г.Гантулга
Олон ногоочдыг сурвалжилж нийтлэлийн баатраа болгон бичиж явсан би энэ удаа удам залгасан залуу ногоочныг онцлон сонирхсон юм. Түүнийг Г.Гантулга гэдэг. Шаамар сумын Дэлгэрхааны 1-р багийн ногоочин. Энэ жил 10-аад төрлийн ногоо тарьсан бөгөөд 5 га-д лууван голчлоод бусад нарийн ногоо тарьжээ. Түүний аав улсын хошой аварга алдарт ногоочин н.Гантөмөр гэж ажилсаг хүн байсныг Сэлэнгийн ногоочид андахгүй ээ. Залуу ногоочин маань “энэ жил ургац их тааруу байлаа. Сүүлд орж байгаа бороо ногооны ургалтанд маш их нөлөөллөө. Хөрс халахгүй, ургах дулаан орчин бүрдэхгүй байсан. Тэгэхдээ яахав ээ, болж байна аа” хэмээн инээмсэглэн байсан юм. Харин энэ жилийн нэг таатай зүйл бол ногооны үнэ тогтвортой байгаа явдал юм. Хэцүү ч гэсэн гантай жилд авсан ургац нь зах зээлд нийлүүлэгдэхдээ боломжийн байгаад залуу ногоочин баяртай байлаа. Г.Гантулга ногоочин  өөрөө гардан ногоо тариад хоёр жил болж байгаа аж. Одоогийн энэ талбай нь аавынх нь ногоо тарьдаг байсан талбай гэнэ. Тэрээр аавыгаа даган мэдэж сурснаа амьдрал дээр хэрэгжүүлж яваа ажилсаг, өмнөө зорилготой яваа залуусын нэгэн төлөөлөл билээ.
 
Сэлэнгийн ногоочид улсдаа нэртэй, төрдөө данстай
Сэлэнгийн ногоочид Улаанбаатар хотноо болсон “Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээнд амжилттай оролцоу, аймаг маань “Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг”-аар, “Зохион байгуулалт сайтай сум”-аар Зүүнбүрэн сум, “Шилдэг ногоочин”-оор Шаамар сумын ногоочин Б.Оюунбилэг, н.Оюунтүлхүүр, Жавхлант сумын ногоочин Д.Сосорбарам, Зүүнбүрэн сумын ногоочин А.Оюунчимэг, “Шилдэг жимс жимсгэнэ, мод бут үржүүлэгч”-ээр Шаамар сумын Д.Баттөр, “Шилдэг хоршоо”-оор Мандал сумын “Зүүнхараа” хоршоо, “Эрүүл хүнс-2016” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн”-ээр Мандал сумын “Түнхий сүү” хоршоо шалгарч өргөмжлөл цомоор шагнагдсан амжилтыг үзүүлжээ. Энэхүү арга хэмжээнд Шаамар, Сүхбаатар, Зүүнбүрэн, Мандал, Алтанбулаг, Баянгол, Цагааннуур, Жавхлант, Орхон, Хушаат сумдын 70 гаруй ногоочин, 6 хүнс үйлдвэрлэгчид 1500 ширхэг хмелийн талх, 300 ширхэг “Хатаасан цоохор майлз” хоол амтлагч, 1500 тн төмс, 2500 тн хүнсний ногоо, 8000 ширхэг даршилсан ногоо, 1.5 тн зөгийн балаар нийслэлчүүддээ үйлчилж, нэг тэрбум 100 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
 
Сэлэнгийн тариаланчид шинийг сэтгэгчид, үйлдвэрлэгчид байдаг
Сэлэнгэ аймгийн тариаланчид үргэлж шинийг сэдэж, бүтээн босгож, үйлдвэрлэлд нэвтрүүлж явдаг адтай хүмүүс. Тухайлбал Орхонтуул суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шидэт хөрс” ХХК энэ онд туршилтын журмаар “Орхон” голынхоо эрэг дагуу 0.7 га талбайд цагаан будаа тарилжээ. Хэдийгээр туршилтаар тарьсан ч маш сайн ургаж 1-2 тонн цагаан будаа хурааж авах тооцоо гарсан байна. ургац сайн байгаа учраас ирэх жил талбайгаа нэмэгдүүлэх санаатай байгаа гэсэн. 
Мөн Алтанбулаг сумын “Чагтай” компанийн захирал, ХАА-н доктор, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Жалсрайн Баярмагнай өөрийн талбайдаа эрдмийн ажил хийсэн бүтээлээ нэвтрүүлж, гантай үед ургац алдахгүй технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал  22 га-д доник тариалсан байна. Энэ нь 2 наст, хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг, агаарын азотыг биксацалж аваад хөрсийг азотоор борддог ач тустай ургамал ажээ. Иймээс эрдэмтэн маань энэ аргыг компанидаа бүрэн нэвтрүүлж, бүх талбайгаа доникоор ээлжлэн тариалах системд оруулаад ажиллаж байна. 
Эднийх жил 2000 гаруй га-д тариалалт хийж, улаанбуудай 1500 га, гурвалжин  будаа 350 га-д, рапс 130 га-д, мөн 22 га-д доник тарьжээ. Цаашдаа ургамлын төрлөө улам олшруулна гэсэн. Тус компанийнхан ээлжлэн тариалах системийг нэвтрүүлж байна. Мөн компанийн хувьд хөрсний үржил шимийг дээшлүүлэх, ургац нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх тал дээр гол ажлаа чиглүүлэн ажиллаж байгаа аж. Цаашид ээлжлэн тариалах системээ шинэчлэх, ганд тэсвэртэй сорт, тарималуудыг тарих зэргээр олон талын арга хэмжээг авч, халууныг давж гарна гэж “Чагтай” ХХК-ийн захирал Ж.Баярмагнай хэллээ.

Зэлтэр нутгийн ургац өндөр байна
2004 оноос хойш 13 дахь жилдээ үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын “Анх тамир” ХХКомпани газар тариалан, авто тээвэр, мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн бригадын дарга Г.Хэрлэн:  “Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгуудын урд хэсгээр гантай, хойд хэсгийн сумдаар сайхан жил боллоо. Манайх жил бүр техник шинэчлэлтийг хийдэг. Одоогоор К744 трактор, Акросс 585 комбайнуудыг ашиглаж байна. Өнгөрсөн гурван жил дунджаар га-гаас 15.5 цн ургац хураан авдаг байсан бол энэ жил га-гаас 24.6 цн ургац хураан авч байна.  Аймгийн хэмжээнд нийт ургацын гурван хувийг манай компани хангадаг. Бид хурааж авсан тариагаа “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбар болон Тариалан эрхлэгчдийг дэмжих санд тушаадаг гэв. Энэ жилийн тухайд Зэлтэр нутгаар хур тунадас сайтай байсан учраас харьцангуй ургац өндөр, га-гаас авах ургацын хэмжээ өнгөрсөн гурван жилийн дунджаар га-гаас 23.6 центнер ургац хураан авч байна. Зэлтэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Анх тамир” ХХК-ийн Улсын аварга тариаланч  Б.Алтангэрэл:-“Энэ жил ургац арвин байна. Цаг агаарын байдлыг ашиглаж ургац хураалтыг явуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын гуравдугаар аян”-ны хүрээнд техник хэрэгсэл шинэчлэгдсэн. Өмнө нь хуучин техник хэрэгсэлтэй байхад өдөрт 100 га талбайг хурааж авдаг байсан бол өнөөдөр техникийн шинэчлэл хийгдсэнээр өдөрт 130-180 га талбайгаас хурааж авч байна. Энэ жил  манай компани 2000 га талбайд тариалалт хийсэн. Өнгөрсөн жилийнхээс илүү хур тунадастай байсан учраас ургац арвин авч байна. Өнгөрсөн жил га-гаас 18 цн авч байсан бол энэ жил 23-24 центнерийг хурааж байгаа гэлээ.
 
Ач буянаа харамгүй өгдөг нисдэг сүргийн эзэд
Сэлэнгэ аймгийг тэр дундаа Шаамар сумыг зөгийгүйгээр төсөөлөхгүй. Сэлэнгэ аймаг төдийгүй Монгол Улсын зөгийн үндсэн бүл Шаамарт байдаг. Энэ суманд 200 гаруй өрх зөгийн аж ахуйг эрхэлж, нийтдээ 3500 гаруй бүл зөгий тус суманд байна. Энэ жил зөгийчид бал хураалтаа сайн хийжээ. Аймгийн Засаг даргын зүгээс зөгийчдийнхөө үйл ажиллагааг дэмжиж Турк улсын хөрөнгө оруулалтаар “Зөгийн өвөлжөө”-г тус суманд барьж ашиглалтанд оруулсан байна. Зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй гадаад улс оронд гаргах асуудал  аймаг, улсын хэмжээнд яригдаж байгаа. “Нисдэг сүрэг” гэгдэх зөгийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болгож тус сумын 1-р багийн зөгийчин Д.Дэлгэр, Ц.Цэцэгсүрэн, Ч.Долгор нартай уулзаж ярилцлаа. Ч.Долгор 10, Д.Дэлгэр, Ц.Цэцэгсүрэн нар 11 жил зөгийн аж ахуй эрхэлж байгаа аж. Зөгийчид маань зөгийгөө отроос оруулж ирээд одоо өвөлжүүлэх бэлтгэлээ хийж байлаа. Эд тус тусдаа зөгийн бүлтэй бөгөөд 10, 10 гишүүнтэй. Нийтдээ 30 хүний төлөөлөл болж байгаа юм. Энэ жил “Тансаг бүл”-ийн
Ц.Цэцэгсүрэн зөгийнөөсөө 180 кг бал авчээ. Тэрээр балаа үр хүүхдүүддээ өгч, заримыг нь зарж борлуулж байгаа гэнэ. “Болж байна аа, болж байна. Зөгий маань миний амьдралыг дээшлүүлж, үр өгөөжөө харамгүй өгч байна” хэмээн хэллээ. Зөгий идэж байгаа ургамал цэцгээсээ хамаарч бал нь өөр өөр өнгөтэй байдаг байна. Тухайлбал байгалийн олон цэцгийн бал хүрэндүү, рапсны бал цагаан өнгөтэй байдаг аж.  Бүх бал сайн. Тэгэхдээ эдгээрээс хамгийн сайн бал нь гурвалжин будааны бал гэнэ. Зөгийний жилийг нойр булчирхай, элэг цөс, таван цулын эрхтэнд, мөн ходоодны архаг өвчтэй, даралт буурдаггүй, нойр булчирхайн өвчтэй хүмүүс цэвэр спиртэнд дараад хэрэглэдэг гэж зөгийчин Ц.Цэцэгсүрэн хэллээ. Түүнчлэн балны хаалтыг амны хөндийн ариун цэвэрт их тустай. Бактери устгадаг. Өглөө оройд зажилж хэрэглэдэг. Хоол их хурдан шингээдэг. Цэцгийн тоосыг хавар байгалийн ургамал цэцэглэж байх үед зөгий өөрөө цуглуулж авчирдаг. Тэр үед нь бид авдаг. Нэг ёсондоо байгалийн өндөр нэгдэлт уураг. Тамирчдын хэрэглэдэг уураг шүү дээ” хэмээн Д.Дэлгэр ярилаа. Зөгийн аж ахуй эрхлээд та бүхний амьдралд ямар өөрчлөлт гарав. Хэрхэн үр өгөөжөө өгөв хэмээхэд:-Ч.Долгор:-“Үр өгөөжөө маш их өгсөн. Хамгийн гол нь эрүүлжсэн. Өглөө болгон өлөн элгэн дээрээ зөгийн балтай усыг гэр бүлээрээ ууж заншаад байна. Би элэг муутай байсан. Одоо яг хэвийн хэмжээндээ барьж байна. Элэг, цөс, ходоодны өвчинд үнэхээр сайн. Зөгий тэжээдэг хүн хамгийн өндөр наслах магадлалтай гэж оросын эрдэмтэн судалж тогтоосон байдаг юм билээ” гэсэн юм. Ц.Цэцэгсүрэн:-“Би өрх толгойлсон эмэгтэй. Намайг зөгийтэй болгоё гээд гурван жилийн дараа эргэн төлөгдөхөөр 5 бүл зөгий өгч байлаа. Хоёр жилдээ багтаагаад төлчихвөл засагт өр байхгүй гэсэн үг. Бусад зөгий нь миний өөрийнх болж байгаа юм. Ингэж л би зөгийтэй болсон. Би 4 хүүхэдтэй. Хүүхдүүдээ бүгдийг нь зөгийнийхөө ашиг шимээр өдий зэрэгт хүргэлээ. Өнөөдөр хүүхдүүдийнхээ, өөрийнхөө жилийн хэрэгцээг эндээс хангаж байна” гэв.
“Нисдэг сүрэг”-ийн эзэд ийн ярьж байна. Д.Дэлгэр гуай ХАА-н дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсөж, Шаамарын МСҮТ-д 37 жил багшилсан багш хүн аж. Тиймээс ч Ч.Долгор, Ц.Цэцэгсүрэн нар “манай багш” гэж хэлж байсан юм. Энэ л “Нисдэг сүрэг”-ийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүд дэлхийн улс орнуудын зах зээлд түгэн дэлгэрч эздээ баярлуулах цаг мөдхөн айсуй.

Сэлэнгэ аймаг нийт 305.5 мянган га эргэлтийн талбайтай. 285 аж ахуйн нэгж, 150 иргэд газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг. Жилд дунджаар 160 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй га-д уринш бэлтгэдэг Сэлэнгэ нутгийн намар өгөөжтэй байна.

Тиймээ. Буудай үнэртсэн Сэлэнгийн намар, их ажлын уухайг сэтгэлд дуудсан “Ургацын далай”, амттан бүхэн боловсорч шим нь гүйцдэг “ижий” улирлаа Сэлэнгэ түмэн тодоос тодоор ийнхүү зурсаар, түүхээ бичсээр явна аа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ