Залуу малчдын хоёр дахь ээлжийн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-11 21:08:17
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ онд ХХҮГ- ын малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Дундговь аймгийн 27 малчин өрх хамрагдаж малжаад байгаа юм. Тэдэнд зориулсан хоёр дахь удаагийн сургалт өнөөдөр эхэллээ.
Цөөн малтай, 15- 39 насны залуу малчдыг малжуулж, мал аж ахуй эрхлэх арга туршлагыг нь нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго чиглэдэг. Хонин толгойд шилжүүлснээр 150 хүртэлх толгой малтай бол 4 сая, түүнээс дээш 200 хүртэлх толгой малтай бол 5 сая төгрөгийн малыг малчдад худалдан авч өгнө. Малчид мал худалдан авсан мөнгийг 24 сарын дотор Хөдөлмөр эрхлэлтийн санд эргэн төлөх нөхцөлтэйгээр энэ хөтөлбөр хэрэгждэг.
Энэ жилийн хувьд, Дундговь аймгийн ХХҮГ хөтөлбөрт хамрагдсан малчдаа сургалтад хамруулж байгаа юм. Мал маллагааны уламжлалт арга туршлага, малынхаа бэлчээр усыг хэрхэн тааруулж, эрсдлээс хэрхэн хамгаалж байх, тэжээл өвсийг хэрхэн бэлдэх, эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах зэргээр мал аж ахуйгаа эрхлэхэд чиглэсэн шинэ соргог санаа, мэдлэгийг залуу малчдад олгохыг зорьж байна. Эхний сургалтыг долдугаар сарын эхээр зохион байгуулсан бол энэ удаад ахмад малчдын зөвлөмжийг малчны хотон дахь дадлагатай хослуулан хийх юм. Сургалт 4 өдөр үргэлжилнэ.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ