Галт зэвсгийн үзлэг, тооллогын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 10:27:56

Өвөрхангай аймагт галт зэвсгийн үзлэг тооллогын ажил явагдаж байна. “Зэвсэг- 2015” гэгдэх уг арга хэмжээгээр хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа галт зэвсгийг цагдаагийн байгууллагад бүртгэж, хадгалалт, ашиглалтын заавар зөвлөгөөг өгөх юм.

Тооллогын ажилд галт зэвсэг бүхий иргэд сайн дураараа хамрагдах ёстой ба зайлсхийсэн тохиолдолд Галт зэвсгийн тухай хуулийн дагуу иргэнийг 40-80 мянга, хуулийн этгээдийг 150-200 мянган төгрөгөөр торгох аж.

Аймгийн хэмжээнд иргэд, хуулийн этгээдэд ангийн, үзмэр цуглуулгын, спорт сургалтын зориулалт бүхий нийт 2155 буу байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг гараагүй болохыг Цагдаагийн газраас мэдээллээ. Тооллогын явцад бичиг баримтгүй буу гарч ирснийг хурааж авсан бол Прокурорын газраас захиргааны зөрчил үйлдсэн этгээдээс дахин нэг буу хураан авч Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тооллого 10 сарын 30-аас 11 сарын 30 хүртэл нэг сар үргэлжлэх ба одоогоор иргэд бага хамрагдаж байна.

Галт зэвсгийн тухай шинэ хуулиар галт зэвсэг худалдаж авах гэж байгаа иргэн нь 21-ээс дээш насны байх ба цагдаагийн байгууллагад хүсэлт гарган аюулгүй ажиллагааны сургалтад сууснаар буу өмчлөх, ашиглах эрх авах бөгөөд жил бүрийн 12 сарын 1-ний дотор татвараа төлөх үүрэгтэй юм.  Галт зэвсгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдаж, үзмэр цуглуулга спорт-сургалтын зориулалттай галт зэвсэгт 15000 төгрөг, ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай, 6,4 мм хүртэлх калибрийн бүх төрлийн галт зэвсэг 30000, 6.5мм түүнээс дээш  мм-ийн бүх төрлийн галт зэвсэг 60000, үрлэн сумтай галт зэвсэг 30000 төгрөгийн татвар төлөхөөр заасан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ