Д.Эрдэнэбат: “Давхар дээл”-тэй сайд байж болох ч дэд сайд шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-03 14:52:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнтэй нь дэмжихээ илэрхийлсэн. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй ямар асуудлаар зөвшилцсөн бэ?
-Шинэ Засгийн газар байгуулагдах гэж байгаатай холбоотойр УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг илэрхийлж, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй санал солилцон, үндсэн гурван агуулга бүхий санал хүргүүлэхээр болсон. Тодруулбал, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого, улс төрийн орчин болон хууль хяналтын байгууллагын шинэчлэл, шударга ёс, Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын талаар баримтлах зарчмын тухай асуудлаар бүлгийн гишүүд санал тавьсан. Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох зэрэг зарчмын байр сууриудад санал нэгдсэн. Саналыг маргааш албан ёсоор хүргүүлнэ. Зөвшилцлийн дүнд УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын чуулганд оролцох байр сууриа тодорхойлж, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг түүний багийн хамт дэмжих боллоо. Гэхдээ асуудал бүр тодорхой байх ёстой гэсэн зарчмын шаардлага тавина. 
-“Давхар” болон “дан дээл”-тэй сайд нарын тухайд хэрхэх бол ?
-Сүүлийн үед “давхар” болоод “дан дээлний” тухай олон асуудал ярьж байгаа. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцохгүй буюу УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүн давхар сайд байхыг зөвшөөрнө. УИХ-ын бодлого болоод чиг үүргийн бодлогууд Ерөнхий сайдад дэм болох ёстой. Бид улстөржсөн байдлаар хэт туйлшрахгүй. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жил АН-ын Засгийн газар байхад “давхар дээл”-ийг тэр үеийн сөрөг хүчин эсэргүүцэж байсан ч өнөөдөр бодит амьдрал дээр улс орны эдийн засгийг зөв авч явахын тулд УИХ-ын бодлого, Засгийн газрын бодлоготой уялдаж байх ёстой гэсэн зөв шийдлийг бид харах ёстой. Энэ бол ард түмний нийт эрх ашгийн үүднээс гаргаж байгаа шийдвэр.
-Шинэ Засгийн газрын бүтцийн тухайд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Шинэ Засгийн газар нэгэнт байгуулж байгаа бол үлдэж байгаа хугацаанд Монголын нийгэм эдийн засгийн бодлогыг авч явах зөв бүтэцтэй байх ёстой. Үүнд ерөнхий чиг үүргийн яам болон чиглэлийн бусад яамыг өнөөгийн тавьж буй эдийн засгийн шаардлагад нийцүүлэх ёстой. Тиймээс Засгийн газрын шинэчилсэн бүтцийг хийж, Аж үйлдвэрийн, Эдийн засгийн хөгжлийн, Хөдөлмөрийн, Соёл, аялал жуулчлал, спортын яамыг тусад нь байгуулах нь зүйтэй гэсэн санал манай бүлгээс тавьсан. 
-У.Хүрэлсүхийг багтай нь дэмжинэ гэлээ. Тэгвэл шинэ Засгийн газрын сайд нартай нь танилцсан гэсэн үг үү?
-Ерөнхий сайдын санал болгосон сайд нарыг бид дэмжинэ гэсэн үг.
-Засгийн газрын шинэчилсэн бүтэц буюу сая таны хэлсэн дөрвөн яамыг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх зөвшөөрсөн тохиолдолд та бүхэн дэмжинэ гэсэн үг үү?
-Бид өнөөдөр цөөнх байгаа. Тиймээс бид санал тавьж байна. Энэ санал улс орны эрх ашигт, бодлогод нийцсэн зөв зүйл шүү гэдэг санал гаргаж байгаа юм.
-Таны хэлж буйгаар яамдын тоо нэмэгдэхээр байна. Энэ тохиолдолд төрийн бүтэц улам данхайх юм биш үү?
-Яамдын тоог нэмэхгүйгээр бусад яаманд зөв зохицуулалт хийж, эдгээр яамыг гол яамныхаа тоонд оруулаач гэсэн санал тавьсан.
-Хүүхдийн мөнгө, багш нарын цалингийн асуудлаар санал солилцсон уу?
-Хүүхдийн мөнгө,багш нарын цалингийн асуудлыг төсвийн боломжоо эргэж нэг харъя гэдэг дээр санал нэгдсэн. Бид хүүхдийн мөнгөний асуудал дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн байгаа. Нэг зүйлийг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд анхааруулга болгож хэлсэн. Энэ нь төсвийн реформ, шинэчлэлийг хийгээрэй гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд хүүхдийн мөнгө болон багш, эмч нарын цалингийн системийг шинэчилж, нэмэх асуудал дээр анхаараарай гэдэг санал оруулсан.
-Нэр дэвшигчтэй дэд сайдын асуудлаар ярилцсан уу?
-Бид дэд сайдын асуудал дээр байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Ерөнхий чиг үүргийн сайдууд УИХ-ын гишүүн давхар хийж болно. Харин дэд сайдууд байхгүй шүү гэдгийг хэлсэн.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ