Хайрын хос аялгуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-03 12:35:36
Хэнтий /МОНЦАМЭ/. Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгаас төрөн гарсан урлагийн гэр бүл олон. Тэдний төлөөлөл болсон хөгжимчин гэр бүл Алтангэрэлийн Батзаяа, Ганболдын Оюун-Од нарыг урьж, гэр бүлийн аз жаргал, хайр дурлал, уран бүтээлийн амьдралынх нь тухай хууч хөөрөлдлөө.

-Сайн байцгаана уу? Та хоёрыг үзэгчид “Хан Хэнтий” чуулгын сайхан жүжигчид хөгжимчид гэж мэдэхээс удам гарвал, нутаг усыг тань төдийлөн сайн мэдэхгүй болов уу? Эндээс гурвуулаа яриагаа эхлэх үү?
-А.Батзаяа: - Тэгье тэгье. Би 1965 онд Улаанбаатар хотын 1-р төрөхөд мэндэлсэн. Ингээд намайг хоёрхон настай байхад аав ээж маань Хэнтий нутагт томилогдож ирээд ажиллаж амьдарсан юм. Би 5-р анги хүртлээ Өндөрхааны төвийн 10 жилийн дунд сургуульд сурч байгаад Хөгжим бүжгийн дунд сургуульд тэнцэж, суралцахаар явсан. Тэгээд 1978-1985 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хуучир хөгжимчнөөр суралцаж төгсөөд, Хэнтий нутагтаа ирснээс хойш өдий хүртлээ Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгадаа ажиллаж байна.

-Батзаяа ах маань тэгвэл Улаанбаатарын унаган хүү байгаад Хэнтийн хүн болжээ дээ?
-Аав ээж маань Сэлэнгийн унаган хүмүүс. Тэр үед сургууль төгссөн залуу боловсон хүчнүүдийг шууд эх орны хэрэгцээт газар томилдог байсан. Тэгээд л аав ээж маань Хэнтий нутагт томилогдож ирээд энд насаараа ажиллаж амьдарч, 6 хүүхэд төрүүлж өсгөсний хоёр нь буюу ахмадын эмч Мөнхзаяа эгч бид хоёр Хэнтий нутагтаа ажиллаж амьдарч байна. Миний аав Алтангэрэл зураач, ээж Надмид бага сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Аав минь өөд болж, ээж минь одоо Улаанбаатар хотод амьдарч байна.
-Г.Оюун-Од: - Би Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, миний аав ээж ч Дадалын уугуул хүмүүс. Аав С.Ганболд жолооч, ээж Г.Чимэдцэрэн бага ангийн багшаар сумандаа олон жил ажилласан. Би сумын 8 жилийн дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэн 4 жил суралцаж, дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Уг нь багш мэргэжлээр төгссөн хүн чинь нутагтаа дуу хөгжмийн багш хийх байсан байх. Гэтэл намайг төгсөх үед манай “Хан Хэнтий” чуулга ёочин хөгжимчингүй боллоо гээд чуулгын дарга Б.Авирмэд багш манай сургуулиас ёочин хөгжимчин авна гэж захиалга өгсөн байгаа юм. Манай ангийн багш Авирмэд даргатай цуг сурч байсан, тэгээд танай аймгийн нэг охин одоо ёочингоор төгсч байгаа гэж хэлээд надад ч бас багш маань, -Чи “Хан Хэнтий” чуулгад очих уу. Чуулгын дарга нь ийм санал тавьж байна гэхэд би энэ саналыг хүлээж авч 1992 онд чуулгадаа ирсэн.

-Батзаяа ахыг чуулгад ирснээс хойш 7 жилийн дараа Оюун-Од эгч төгсч ирж байж. Ингэж та хоёр учрах тавилантай хүмүүс байжээ дээ?
-Г.Оюун-Од: - Намайг яг төгсч ирэхэд Батзаяа энд байгаагүй юм. Тэр үед манай чуулгын найруулагч Г.Энхболд багш маань Буриадын “Амар сайн” чуулгыг байгуулахдаа “Хан Хэнтий” чуулгынхаа боловсон хүчнүүдийг аваачаад тэнд хүмүүсийг сургаж байсан. Тэгэхэд манай бүжгийн багш, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Санжаасүрэн багш, оёдолчид, манай хүн хуучир хөгжмөөр тоглохын хажуугаар концертмейстрээр ажиллаж байсан учир тэнд мөн концертмейстрээр очоод ажиллаж байж. Тэгээд 5 сарын дараа нутагтаа, чуулгадаа ирцгээсэн юм. Тэгэхэд нь би гэдэг нэг шинэ хөгжимчин чуулгын ам бүлд нэмэгдчихсэн байсан.
-А.Батзаяа: - Ангидаа орж иртэл томоос том цагаан ээмэгтэй нэг охин ёочин тоглоод сууж байсан.

-Аан тийм үү. Тэр үед Буриадын “Амар сайн” чуулга байгуулагдаж байсан юм уу? Тэгвэл харьцангуй шинэ залуу чуулга юм байна.
-Тийм. “Амар сайн” чуулга 1990 оны эхээр байгуулагдсан, манай “Хан Хэнтий” чуулгын дүү чуулга гэж явдаг, манайхан бүгд очиж боловсон хүчнийг нь бэлтгэж өгч байгуулалцсан юм.  

-Том ээмэгтэй охинтой анх яаж дотносч байв Батзаяа?
Г.Оюун-Од: - Тэгээд яахав, бид хоёр чинь хөгжмийнхөө нэг ангид ороод нэг оркестрт хамт тоглоод байнга цуг байхаар ойртож дотносдог юм байгаа биз дээ /инээв/.
А.Батзаяа: - Ажлынхаа завсар чөлөөгөөр хааяа цуг кино үздэг байсан. Ер нь тэгээд байнгын цуг байх юм чинь. Хөдөө бригад явсан ч цуг л явна. Тэгээд сүүлдээ нэг гал болсон.
Г.Оюун-Од: - Бригад явахдаа манайхан чинь хэсэг хэсгээрээ гал болж, хоол хүнсээ цуг бэлтгэнэ. Тэр үед би гавъяат дуучин Энхзултай нэг гал болдог байсан юм. Хоёр бүсгүй хүн дангаараа гал байхад хэцүү, хамгийн наад зах нь ачаа бараа зөөхөөс эхлээд эрэгтэй хүний түшиг тулгуур зайлшгүй хэрэгтэй, тэгээд Батзаяа бид хоёртой гал болж тэр үеэс нэлээд дотноссон. Тэгээд Энхзул бид хоёрыг нийлүүлсэн дээ. Ер нь манайхан бүгд л бид хоёрыг их холбоно оо, энэ хоёрыг ерөөсөө суулгана гээд л. “Улаан” Даваажав ах /дуучин/ бүр “та хоёрыг суулгаж байж л тэтгэвэртээ гарна” гээд сүүлд нь “за миний санасан хэрэг бүтлээ” гэж инээдэм болж байсан. Хүн болгон ингээд байхаар би гэдэг хүн Батзаяаг арай өөрөөр харж дүгнэж, ер нь гайгүй ч хүн юм уу гэж боддог болж байгаа юм. Нэг удаа Сүхбаатарын Дарьганга суманд Алтан-Овооны анхны наадам болоход бид бригадаар явж байгаад машин эвдэрч манайхан хээр хонодог юм. Хоноглох газар их өвстэй, битүү шумуул шунгинаж дайраад хүмүүс шөнөжин шумуултай байлдаж хоноход ганц би амгалан тайван унтжээ. Тэр нь Батзаяа маань шөнөжин шумуул үргээж суусных байгаа юм. Эндээс бас түүний хайр халамж, нинжин сэтгэлийг мэдэрсэн. Тэгж байгаад л бид хоёр чинь хоорондоо дассан, хөндлөнгийн улсууд ч их нөлөөлсөн. Хүн болгон л “Та хоёр ханил суу, чи алзахгүй” гээд байхаар хүн чинь аль ойр дотно байгаадаа дасаад суучихдаг юм байна лээ. Ингээд бид хоёр 1993 онд хамаатныхаа эзэнгүй байсан орон сууцны томоо өрөөнд нь 200-гийн цагаан ор тавиад, гал тогоонд нь “Мечта” плитка, нэг хайруулын тавагтай амьдралаа эхлүүлж байлаа даа анх.

-Чуулгынхан ч яггүй сайн ятгажээ тэгвэл. Оюунаа эгч нөхрийнхөө ямар чанарыг олж харж дурлав?
-Г.Оюун-Од: - Миний нөхөр чинь сайн хөгжимчин. Төгөлдөр хуур сайн тоглоно. Эзэмшсэн мэргэжил хуучир хөгжимдөө сайн. Тайзан дээр тоглож байгааг нь хараад нөхрөөрөө бахархдаг. Мөн их цайлган цагаан, уян зөөлөн сэтгэлтэй, хүнтэй их нийцтэй, халамжтай зан чанарууд нь их таалагдсан юм. Ер нь би дотроо мөрөөдөж санаж явсан хүнтэйгээ учирсан аз жаргалтай эмэгтэй.

-Үнэхээр тийм байна. Харин Батзаяа ах эхнэрийнхээ юунд татагдсан бэ?
-Манай хүний их цэвэрч нямбай зан нь таалагдсан. Өөрийн эрхгүй л энэ занг нь дагасан. Би тамхи татдаг байснаа хүртэл хаясан. За тэгээд миний хань их халамжтай, хоол сайхан хийнэ, тэгэхээр би ходоодоороо бас татагдсан юм байна /инээв/.       

-Одоо та хоёрын амьдралын мод навч нахиагаа дэлгээд үр жимс боловсорч өтгөн болоо биз?   
-Г.Оюун-Од: -Тэгэлгүй яахав. Бид хоёр хүүхэдтэй. Том охин Боржин маань одоо МУИС-ийн эдийн засгийн 3-р курст суралцдаг, эгчээсээ 10 гаруй насаар дүү, хүү Боорчи маань дунд сургуулийн 4-р ангид сурч байна. Би ажил ажил гэж явсаар байгаад нэг мэдсэн чинь ганцхан хүүхэдтэй өтлөх болчихсон байдаг, тэгээд санд мэнд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Бид хоёр хүүхдүүдээ заавал хөгжимчин бол гэж шахаагүй л дээ. Тэгэхдээ хүү маань төгөлдөр хуур сайн тоглоно. Охин маань ч гэсэн бид хоёрыг Ага руу тоглолтоор яваад хагас сар шахуу болоод ирэхэд Хөгжим бүжгийн сургуулиас энд ирж шалгалт авахад өөрөө очиж шалгуулаад тэнцчихсэн байсан. Тэгээд охин маань Хөгжим бүжгийн сургуулийн плетийн /сонгодог лимбэ/ ангид 4 жил суралцаад ирсэн. Тэгээд энд 11-р ангиа төгсөх жил нь Орост найруулагчаар суралцах боломж гарсныг Авираа дарга уламжилж охиноо бид Орос руу явуулсан. Гэтэл охин маань тэнд 2 жил сураад, “би урлагийн хүн болохгүй” гээд ирсэн, одоо эдийн засагчаар суралцаж байна. Бид хоёр үүнд нь харамсдаггүй л дээ. Ямар ч гэсэн охин маань урлагийн боловсролыг дотоод гадаадад чамгүй олон жил сурч эзэмшсэн. Хүү маань өөрөө төгөлдөрөө онгойлгоод өөрөө сурсан. Бас өвөөгийнхөө зураач удмыг залгаж чамгүй зураач болох шинжтэй байгаа. Хоёр хүүхдийн маань нэрс нь бас учиртай, энэ талаар сонирхуулахад, би оюутан байхдаа Сэлэнгийн Боржин гэдэг охинтой сайн найзууд байсан, найз маань төгсөөд манай нутагт бэр болж ирээд хэдэн жил ажиллаж амьдарсан юм. Тэгээд найз маань надад, -Чи охин гаргавал миний нэрийг өгөөрэй гэдэг байсан учраас бид охиндоо Боржин гэж найзынхаа нэрийг өгсөн. Дараа нь хүүгээ төрөх дөхөж байхад Батноров суманд тавигдсан Чингис богдын анд Боорчийн тухай өгүүлдэг Ж.Саруулбуянгийн зохиол “Андгай” дуулалт жүжгийн хөгжмийг манай хөгжимчид очиж тоглосон юм. Тэнд дуулалт жүжгийн нээлтээ хийгээд маргааш нөгөөдөр нь аймагтаа, дараа нь Улаанбаатарт үргэлжлэн тоглох төлөвлөгөөтэй байтал эхний тоглолтын орой Батноровоос буцах замд өвдөөд шууд эмнэлэгт очсон. Ингээд аймагт тоглох болоход нөгөө ёочин хөгжимчин маань төрөхөөр эмнэлэгт очсон гэтэл зохиолч Саруулбуян ах их билэгшээж, -За тэгээд хүү гарвал Боорчи гэдэг нэр өгөөрэй гэсэн байгаа юм. Тэгээд 7 сартай дутуу төрсөн хүүдээ бид хоёр Боорчи нэрийг өгсөн. Ингэж хүүхдүүд маань хоёулаа захиалгатай нэр авсан атлаа хоорондоо төстэй нэртэй болсон түүхтэй юм даа.

-Их сайхан түүх байна. Урлагийн гэр бүл манай чуулгад олон байсан, байдаг уламжлалтай. Үүгээрээ бие биеэ ойлгох тал дээр бэрхшээл бага байдаг байх. Ер нь давуу тал их биз?
-Тийм шүү. Л.Дашням багш, С.Даариймаа эгч, Д.Гомбо багш, С.Ганжуур эгч, Ц.Оюунбаатар багш, С.Нансалмаа эгч, Ц.Дугар багш, бүжигчин Л.Оюунбилэг, хөгжимчин Г.Батболд, бүжигчин Д.Батжаргал, бүжигчин Б.Батжаргал, Оюун гээд олон гэр бүл урлагаас төрсөн. Тэднийг залгаад олон залуу гэр бүл төрсөөр байна. Хүмүүс хэлдэг, сайхан юм хаа ч явсан цуг гээд. Манай чуулга 2007 онд аймгийн Засаг дарга С.Жаргалын дэмжлэгээр Европын олон орноор явж ардын урлагийн наадамд оролцож монгол ардын урлагаа сурталчлахад бидний хүү маань ээжийнхээ гэдсэнд цуг аялаад ирж байсан. Ер нь тэгээд хүн чинь ажил мэргэжлийнхээ буянаар олон орон, газар нутагт очиж юм үзэж нүд тайлах юм даа. Бид хоёр мэргэжлийнхээ буяныг эдэлж сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөсөөр өдий хүрч байна.

-Манай чуулгынхан гадаадад тоглохын хажуугаар бүх аймгууддаа тоглосон уу?
-Бид бүх аймагт очиж тоглолтоо хийсэн. Манай чуулгын тоглолтыг бусад аймгууд, гадаадын үзэгчид маш сайн хүлээж авдаг. Өнгөрөгч 1-р сард Чита, Ага-д хийсэн тоглолтыг үзэгчид маш их эрэл сурал ихтэй хүлээж авч үзсэн. Хаа ч явсан манай ардын урлаг хэл шаардахгүйгээр үзэгчдэд хүрдгээрээ онцлог шүү дээ.

-Тийм өндөр хэмжээний тоглолтыг бэлтгэдэг чуулгын маань байр аргагүй мууджээ. Хөгжим анги гэхэд ийм жижигхэн өрөөнд бэлтгэл сургуулилтаа хийдэг юм уу? Оффисын ажилтнууд ийм өрөөнд ганцаараа юм уу хоёулаа л суудаг даа.
-Манай хөгжмийн бэлтгэлийн энэ жижиг өрөөнд 13 хөгжимчин багштайгаа ажилладаг. Дээр нь дуучид орж ирнэ. Гэхдээ манай чуулга удахгүй улсдаа томд орох сайхан байртай болно. Саяхан яамны сайд ирээд 9 сард багтаад дуусга гэсэн үүргийг гүйцэтгэгч компанид өгсөн байна лээ. Чуулгын шинэ барилга эргэдэг тайзтай, бүжгийн бэлтгэлийн уужим өрөөтэй, хөгжмийн уран бүтээлчид гэхэд хөг хөгөөрөө тусдаа өрөөтэй байх биз, үзэгчдийн суудал хоёр дахин олон гээд маш олон давуу тал онцлогтой баригдаж байгаа. Ер нь нутаг орон маань сайхан хөгжиж байна даа. 

-Та хоёр төгөлдөр хуурын сургалт явуулж богино хугацаанд хөгжимчид бэлтгээд ноднин жил улсын уралдаанд оролцоод чамгүй сайн амжилт гарган алт, мөнгөн медальтай ирж байсан даа. Манай аймагт хөгжмийн сургалт нэлээд эрэлттэй байдаг уу?
-Г.Оюун-Од: - Сүүлийн үед хүмүүс хүүхдээ заавал хөгжимчин биш юм аа гэхэд хөгжмийн боловсролтой болгохыг эрмэлздэг болсон. Тийм хүмүүс бидэнд хандаж, гэрээр хүүхдүүдэд төгөлдөр хуур заалгах санал тавьдаг. Анх аймгийн Засаг дарга асан Ч.Эрдэнэбаатар хоёр хүүхдэдээ гэрээр төгөлдөр хуур заалгуулсан юм. Ингээд гэрээр төгөлдөр хуур заалгах хүүхдүүд нэмэгдээд ирэхээр сургалтын төвөө байгуулахаар зориг шулуудаж, 2014 онд МАН-ын байрны нэг өрөөнд “Мелодия” сургалтын төвөө нээж, 20 гаруй хүүхдэд төгөлдөр хуур зааж эхэлсэн. Ингээд бид жилийн дараа хүүхдүүдийнхээ тайлан тоглолтыг хийж, эцэг эхчүүд маань ч их баяртай байсанд урамшаад Улаанбаатарт болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаанд гайгүй сурсан 2-3 хүүхдээ оролцуулж юм үзүүлж, тайз мэдрүүлэх зорилготой явсан. Тэгэхэд уралдаанд орж байгаа ихэнх хүүхдүүд 7-10 жил суралцсан, манайх шиг жил л хичээллэсэн хүүхдүүд байгаагүй. Ингээд өнгөрсөн жил Дархан хотод болсон улсын уралдаанд хүүхдүүдээ 2 дахь удаагаа оролцуулаад 2 алт, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналтай ганзага дүүрэн ирсэн. Энэ жил төгөлдөр хуурын улсын уралдаан дахиад Дархан хотод удахгүй болох учир хүүхдүүдээ бэлтгэж байгаа.

-Одоо та хоёрын мөрөөдөл юу вэ?
-Сайхан шавь нартай болохыг мөрөөддөг. Төгөлдөр хуур болон ёочин, хуучир сайн тоглодог шавь нараа бэлтгэхийг хүсдэг. Хуучрын ансамбльтай болохыг мөрөөдөж байна. Дор хаяж арваад хуучирчин байж ансамбль болно. Ер нь үндэсний хөгжим дотроос хуучир бол сурахад хамгийн хэцүү хөгжим. Хаа газрын хүүхдийн оркестр гарахад хуучир харагдахгүй байх нь түгээмэл. Тэгээд төгсөгч ирэхгүй, одоо болтол чуулгад маань ганц л хуучирч байх жишээтэй.

-Батзаяа ахад энэ хэцүү хөгжмийг заасан багш тань хэн бэ? 5 дугаар ангийн жаахан хүү эндээс хэдүүлээ Хөгжим бүжгийн сургуульд явж байв?
-Би тавдугаар ангиас эхлээд 7-8 жил хуучир хөгжмийг заалгасан. Миний багш бол Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, Монгол улсын гавъяат жүжигчин Цэвэлмаа гэж монголдоо нэг номерийн хуучирч хүн байсан. Би тэр үед аймгаасаа дөрвүүлээ Хөгжим бүжгийн сургуульд тэнцээд явж байлаа. Манай ангиас Б.Ганболд бид хоёр, өөр хоёр хүүхэд яваад хоёр нь төгсч ирж байсан. Ганболд бид хоёр нэгдүгээр ангиасаа нэг ангид ороод Хөгжим бүжигт нэг анги, ирээд чуулгынхаа хөгжим ангид цуг ажиллаж, хойно Агад хүртэл цуг багшилж олон жил хаа ч цуг байсан хоёр. Ганболд маань лимбэчин, үлээвэр хөгжимчин харьцангуй эрт тэтгэвэрт гардаг болохоор тэгж л салав уу даа. Одоо Ганболд маань Орхон аймгийн Хүүхдийн ордонд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Хөгжим бүжгийн сургуульд байхад биднийг спортоор хичээллүүлдэггүй, намрын ажилд явуулдаггүй гар нь эвдэрнэ гэдэг байсан. Хөгжимчин хүн гараа тэгж л хайрлах ёстой гэдэг.

-Та хоёр энэ л чуулгадаа 25-32 жил тасралтгүй ажиллажээ. Чамгүй их шагнал “цуглуулсан” биз?
-А.Батзаяа: - 1998 онд Соёлын Яамны жуух бичгээр шагнуулсан. 2002 онд ардын дуу бүжгийн чуулгуудын уралдаант уулзалтаар номинаци бүрт шалгаруулахад шилдэг гоцлол хөгжимчний шагнал хүртсэн. Тэгээд тэр жилдээ Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан.
-Г.Оюун-Од: - Чуулгуудын уулзалт дөрвөн жилийн давтамжтай болдог. Ингээд 2006 оны чуулгуудын уралдааны шилдэг гоцлол хөгжимчний шагналыг надад өгсөн. Ер нь манай чуулгын суурь нь мундаг тавигдсан болохоор хөдөөгийн чуулгуудын уралдаанд дандаа тэргүүлж ирсэн. Тэгээд 2007 онд БСШУЯ-ны жуух бичиг, 2009 онд Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан.
-А.Батзаяа: - Энэ уралдаанд манай хүнийг шилдэг гоцлол хөгжимчний шагнал хүртэхэд Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуай үнэлж магтаж байсан.
-Г.Оюун-Од: - Манай чуулгын дарга Б.Авирмэд багш уран сайхны бодлогыг өндөр түвшинд авч явдгийн нэг илрэл энэ байсан юм. Тэр уралдаанд оролцоход Авираа дарга маань Шопений төгөлдөр хуурын 7-р вальс гэж төгөлдөр хуурчийн 10 хуруугаараа тоглодог вальсыг ёочин дээр хоёрхон цохивроор тоглодог болгож найруулж өгсөн. Би тэр найруулгыг нь тоглоод ийм өндөр үнэлгээ авч байсан л даа. Төгөлдөр хуурын тэр том зохиолыг ардын хөгжимд яаж ингэж зөв дуугаргаж байна вэ гэж байсан. Энэ бол хөгжмийн өндөр боловсролтой багшийн маань ач гавъяа юм.

-Одоо Авираа багш юу хийж байна?
-Багш тэтгэвэрт. Уг нь чуулгадаа зөвлөх хийгээд биднийхээ дунд байх ёстой хүн. Бид нар байлгахыг маш их хүссэн, харин өөрөө жаахан амрахыг хүссэн байх. Ер нь манай чуулгын алтан үеийг тодорхойлж явсан найрал дууны багш Л.Дашням, бүжгийн багш Д.Санжаасүрэн, хөгжмийн багш Д.Гомбо, ерөнхий найруулагч Г.Энхболд нарын 4 багш дөрвүүлээ Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хэргэмээр шагнуулсан нь хөдөөгийн театр чуулгуудын түүхэнд гарч байгаагүй ховорхон тохиолдол шүү. Энэ мундаг багш нараа залгамжлаад ажилласан Б.Авирмэд, Ц.Оюунбаатар багш нараа шагнал урамшуулал хүртээсэй гэж бид хүсдэг. Манайд С.Нансалмаа гавъяатаас хойш гавъяат төрсөнгүй нэлээд олон жил боллоо. Чуулгын маань энэ сайхан уламжлалыг одоо Д.Цогт-Эрдэнэ, Б.Энхбаяр, Ц.Дугар гээд чадварлаг багш нар залгаад ажиллаж байна. 
Манай хөгжим ангид хөгжимчдийн 60-70% нь практикийн хүмүүс байна. Тэднийг Ц.Дугар багш бүгдийг нь сургадаг, өөрөө бас практикаар сурсан хүн. Тэгэхэд өөрөө олон сайхан хөгжмийн зохиол бичиж, олон сайхан дуу зохиосон, бүжгийн хөгжмийн олон найруулга хийсэн их бүтээлч хүн. Өөрөө зөвхөн лимбээр тоглохгүй, бусад хөгжмүүд болох шанз, эвэр бишгүүр гээд бүх хөгжмийг зааж сургадаг мундаг хүн дээ.

- Хөгжимчин хүн хөгжиж, хөгжмийн зохиолч болдог бололтой. Та хоёрт өөрийн гэсэн бүтээлүүд байдаг уу?
-А.Батзаяа: - Байхгүй. Би анх удаа хүүхдийн эмч Ж.Оюун эгчийн захиалгаар хүүхдийн тасагт зориулсан “Хүүхэд нас” гэдэг дууг хийж өгсөн. Оюун эгч өөрөө шүлгийг нь бичээд надаар хөгжим зохиолгож, Анхмандах эмч дуулсан нэг л бүтээл байна. Оролдоод хичээгээд үзвэл хөгжим зохиож болохоор санагдсан.

-Одоо чуулга ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Энэ жилийг чуулга маань хүүхдийн уран бүтээлийн жил болгосон юм. Намар бид “Муурын байшин” гэдэг хүүхдийн дуулалт жүжиг тавьсан. Саяхан “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт жүжиг дээр бүгд ажиллаж, Хүүхдийн баяраар үзэгч багачууддаа хүргэлээ. Манай чуулга жил бүр шинэ уран бүтээл тавьж, баяр наадмаар үзэгчдэдээ хүргэдэг уламжлалтай. Энэ намар чуулгуудын уулзалт Говь-Алтай аймагт болохтой холбогдож уран бүтээл арвинтай жил болно.  

-За манай хоёр ийм үлгэр жишээ гэр бүлийн хувьд залуу гэр бүлүүд, залуустаа хандаж хэлэх сургаальтай болсон нь мэдээж.
-Итгэл сэтгэл дээр хайр тогтоно. Ханьдаа хайртай, халамжтай байгаарай. Бид бол бие биедээ, хоёр хүүхдэдээ маш их хайртай, бүтээж босгосон амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байна. Залуустаа захихад, уур омгоор биш ухаанаараа биеэ захирч сур. Бие биедээ буулт хийж бие биенээ хүндэлж яваарай гэж л онцолж хэлье. Гэр дотор хэрүүл шуугиан биш хайр л дүүрэн байх ёстой. Тэгэхээр хайран дунд үр хүүхдээ өсгөж аз жаргалаар бялхаж явахыг хүсье. Мөн энэ дашрамд аав ээждээ, чуулгынхаа үе үеийн удирдлага, багш нар, уран бүтээлчид, ажилчиддаа эрүүл энх урт удаан насалж, уран бүтээлийн болон ажлын өндөр амжилт хүсээд урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

"Та хоёртоо ч гэсэн аз жаргал хүсье. Хайрынхаа хос аялгуугаар ард түмнээ цэнгүүлэн баясгаж, баяр жаргалаар үргэлж бялхаж яваарай. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ