НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-02 09:37:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр 10.00 цагаас үргэлжилнэ.

НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнгөрөгч сарын 20-нд хуралдаж, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн шинэ даргад нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нараас санал хурааж тодруулах байсан ч үр дүнд хүрээгүй юм. Тодруулбал хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, хэн нь олонхын санал аваагүй учир шинэ даргыг тодруулж чадаагүй бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өндөрлөсөн.
Завсарлага өнгөрөгч долоон хоногийн баасан гарагт дуусч, НИТХ хуралдах хүлээлттэй байсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Дашрамд дурдахад, НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дараагийн хуралдаанд дахин өөр нэр дэвшигч оруулж ирэх магадлалтай байсан. Гэвч МАН-ын бүлэг өөр нэр дэвшигч оруулах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс өнөөдөр хуралдах НИТХ-ын хуралдаанаар дахин санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс НИТХ-ын шинэ даргыг тодруулах болж байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ