5000 гаруй өрхийн амьжиргааны мэдээлэлд зөрүү гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-27 19:02:06
Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хавар улс орон даяар явуулсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд Дундговь аймгийн 8974 гаруй өрх хамрагдсан. Үүнээс 5037 өрхийн мэдээлэл зөрүүтэй байгаа тул өчигдрөөс эхлэн мэдээллийг засах үйл ажиллагааг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн судалгаанд өгсөн хариулт нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, малын А данс зэрэг салбар дундын мэдээллийн баазад байгаа тухайн өрхийн мэдээллээс зөрсөн ажээ. 
Энэ тухайд аймгийн ХХҮГ- ын дарга Г. Хишигдаваагаас тодруулахад, судалгааны асуулгад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх ташаа мэдээлсэн, мөн малын толгой, орон сууц, автомашинтай эсэхээ зөрүүтэй мэдээлсэн өрхийн тоо судалгаанд хамрагдсан нийт өрхийн тавиас илүү хувийг эзэлж байна.  Гэхдээ Дундговь аймгийн хувьд зөрүүтэй мэдээлэл бүхий өрхийн тоогоор бусад аймгаас бага байгаа нь энэ. Өрх бүрийн мэдээллийг нягталж эхэлсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.
Өрхийн мэдээллийг засах үйл ажиллагаа ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Үүний эцэст өрхийн амьжиргааны түвшингийн оноо эцэслэн гарах ажээ.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ