Хичээлийн анги танхимуудаа камерын хяналтын системд холбож эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-27 18:14:02
Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын “Мандал” сургууль хичээлийн анги танхимаа камерын хяналтын системд холбож байна. Энэ бол суралцагч болон багш нарыг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр гэж сургуулийн захирал М. Энхбаяр хэллээ.
Жишээ нь, гар утасаа алдчихлаа гэх гомдол хүүхдүүдийн дунд цөөнгүй үүсдэг бол багш сурагчдын хооронд үл ойлголцол гарсан талаар эсвэл хичээл сургалттай холбоотой санал гомдлыг эцэг, эхчүүд хэлдэг байна. Сургууль бол бүх талаар аюулгүй байдал нь хангагдсан орчин байх ёстой. Ийм орчин бүрдүүлэхэд багш нар ч тэр, суралцагчид ч тэр дор бүрнээ хариуцлагатай байх нь зүйтэй гэдэг үүднээс хяналтын камерыг суурилуулж байгаа гэсэн юм. Түүнчлэн багшийн өдөр тутмын  хичээл сургалтын үйл явцыг эцэг эхчүүдэд нээлттэй болгох гол зорилгыг ч агуулж байгаа ажээ.
Тус сургууль 750 гаруй суралцагчтай. 1- 12 дугаар бүлгийн бүх анги танхимуудаа оролцуулан нийт 39 цэгт камер суурилуулах юм байна. Үүнд  6 сая гаруй төгрөг зарцуулахын тавин хувийг нь эцэг, эхийн оролцоотой хуримтлуулна гэлээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд сар бүр 1000 төгрөгийг хүүхдийнхээ сурдаг ангийн хуримтлалын санд нийлүүлдэг бөгөөд  хуримтлалын энэ сангаасаа ангиуд хөрөнгө нийлүүлэх ажээ.
Цэцэрлэгүүд өдөр тутмынхаа үйл ажиллагааг эцэг эхчүүдэд харуулж байх зорилгоор анги танхимуудаа камержуулсан байдаг. Харин сургуулиудын хувьд, “Эрдмийн далай” цогцолбор сургуульд төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт авдаг учраас зарим анги танхимыг нь Боловсролын үнэлгээний төвөөс камержуулсан  бол Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4- р сургууль өөрийн хөрөнгөөр камерын хяналтын систем суурилуулсан байдаг. “Мандал” сургуулийн хувьд камерын хяналтын системтэй гурав дахь сургууль нь болж байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ