“Алтай түншлэл-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-09-27 14:23:01
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтай түншлэл” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн өдрүүдэд 14 дэх удаагаа болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээ нь Алтай нутагтаа үйлдвэрлэл явуулж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ сурталчлах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүнсний болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор явагддаг уламжлалтай юм.
Үзэсгэлэн худалдааны 40 хувийг сүү цагаан идээ, 35 хувийг төмс, хүнсний ногоо, 15 хувийг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 10 хувийг нь хүнсний болон бусад нэрийн бүтээгдэхүүнүүд эзэлж байлаа.
“Алтай түншлэл-2017” үзэсгэлэн худалдаанд 120 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож 81 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Экологийн цэвэр, хамгийн эрэлттэй, хүнсний салбарын, хөнгөн үйлдвэрийн, газар тариалангийн, нийтийн хоолны шилдэг бүтээгдэхүүн зэрэг 15 үзүүлэлтээр шилдгүүдийг шалгаруулж цом, батламж, мөнгөн шагнал олголоо.
                                                                                                                        Ш.Цоодол
Холбоотой мэдээ