Дэд сайд С.Батцэцэг АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-09-25 09:18:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2017 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын энэ удаагийн уулзалт нь 12 жилийн дараа сэргэж буй уулзалт гэдгээрээ онцлог бөгөөд уулзалтад Ази, Европын 51 гишүүн орны/Азиас 21, Европоос 30/ сайд нар болон Европын Холбоо, АСЕАН-ы төлөөлөл оролцож,  Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх, Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “дэлхийн эдийн засаг өсөн нэмэгдэж буй худалдааны хамгаалалт, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал зэрэг шинэ сорилтуудтай тулгарч буй энэ цаг үед АСЕМ-ийн Эдийн засгийн Сайд нарын уулзалтыг сэргээн зохион байгуулж буйн чухлыг онцлон, тус улс “хүн төвтэй эдийн засаг”-ийн загварт шилжих замаар бүс нутгийн эдийн засгийн хамтын өсөлтийг дэмжихээ илэрхийлэв.

АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтын хүрээнд Ази, Европын Эдийн засгийн форумын 14 дэх чуулга уулзалт, Глобал эко-инновацийн форум, АСЕФ Залуу удирдагч нарын уулзалт зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд уулзалтын дүнгээр Эдийн засгийн сайд нарын хамтарсан мэдэгдэл болон “Сөүлийн санаачлага” баримт бичгийг тус тус гаргав.

Холбоотой мэдээ