Нэгдүгээр сургуулийн хуучин барилгыг эмнэлэг болгон засварлах хүсэлт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-21 08:32:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар өчигдөр Бүгд Найрамдах Турк Улсын  Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар /Тика/-ын Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Вэйсэл Чифтжитэй уулзаж, Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хуучин барилгад их засвар хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Тус сургуулийн хичээлийн шинэ байр улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 4,1 тэрбум төгрөгөөр баригдаж, 2015 онд ашиглалтад орсон юм. Орон нутгийн өмчийн албанаас 2016 онд хуучин байрыг нь 725 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар зарахаар зарласан ч  иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал ирүүлээгүй байна. Одоо орон нутгийн удирдлага 5000 м2 талбай бүхий тус барилгыг хүүхэд, эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон ашиглахыг зорьж байгаа аж. ТИКА-гийн зүгээс барилгын их засварын зураг төсвийг боловсруулж ирүүлэхийг хүсч, барилгын өнөөгийн байдалтай газар дээр нь очиж танилцахаа илэрхийлжээ.

Дашрамд хэлэхэд,  Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар нь Баян-Өлгий аймагт 6 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон сүрьеэгийн тасаг, Өлгий сумын 4 дүгээр хүүхдийн цэцэрлэг, Алтай сумын дотуур байрны тохижилт, 5 дугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн  В корпусыг  цэцэрлэг болгон засварлах, Цэнгэл сумын сургуулийн дотуур байрны гал тогооны тохижилт зэрэг ажлуудыг 700 гаруй сая төгрөгөөр хийж байна. 
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ