НИТХ-ын шинэ дарга энэ сарын 22-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-20 08:12:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /НИТХ/ ээлжит 11 дүгээр хуралдаан есдүгээр сарын 22 буюу энэ баасан гарагт болно. 

НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан өнгөрсөн тавдугаар сараас хойш хуралдаагүй хэмээн төлөөлөгчид нь шүүмжилж байсан. Харин НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 14-нд болж, НИТХ-ын ээлжит хурлын товыг тогтоосон юм. 

Энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шүлхий гэх зэрэг олон асуудал хэлэлцэхээс гадна НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал НИТХ дахь МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч наймдугаар сарын 17-нд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах шаардлага бүхий бичгийг өргөн барьсан. Уг албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан юм. НИТХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууринд мөн НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэгдэж гарын үсэг зураад байгаа.  

Харин наймдугаар сарын 31-нд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан юм. Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргаар зогсохгүй, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд долоон дүүрэгт ялагдсан шалтгаанаар Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан. Өргөдөл гаргасан шалтгаанаа тэрбээр “Сонгуулийн тухайд хариуцлагаа хүлээж байна. Харин "60 тэрбумын" гэх хэрэгт гурав дахь удаагаа шалгагдаж байгаа. Гэхдээ уг хэрэгт холбоогүй учир өмнө ажлаа өгч, шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байсан. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч НИТХ-ын даргын суудлаа өгч, хэрэгт буруугүй гэдгээ шалгуулж тогтоолгоно” хэмээн тайлбарласан юм. 

Ямартаа ч НИТХ-ын удирдлагын асуудал энэ баасан гарагт нэр мөр шийдэгдэж, дараагийн даргаа томилох бололтой. 
 
Н.Туяа
Холбоотой мэдээ