Улсын төсвийн хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-19 15:59:29
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Төрийн Аудитын газраас 2017 онд хийгдсэн “Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, үр ашиг, Засгийн газраас олгосон векселийн үр дүн”, “Амь-Ус Трейд” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын үр дүн” гэсэн сэдэв бүхий хоёр гүйцэтгэлийн аудитын дүнг хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.
Тухайлбал 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тэс сумын аврах гал унтраах 57 дугаар ангийн барилга худалдан авах, засварлах, Асгат сумын сургуулийн их засвар гэсэн  хоёр ажлыг аймагт эрх шилжүүлэн шинээр хэрэгжүүлсэн, өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж эхэлсэн дөрвөн ажил, аймгийн замын сангийн хөрөнгөөр  найман ажил  хэрэгжүүлсний  үр дүнг аудитаар шалгасан байна. Үүнээс хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний  төлөвлөлтийг  хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг  шалгахад дараахь зөрчил илэрчээ. Тодруулбал 2016 онд аймгийн эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэлд  замын сангийн хөрөнгөөр хэрэгжсэн найман ажил,Тэс сумын аврах гал унтраах 57 дугаар ангийн барилга худалдан авах, засварлах ажил нь тусгагдсан, харин Асгат сумын сургуулийн их засварын ажил нь тусгагдаагүй. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөхдөө орон нутгийн  хэрэгцээ шаардлагыг харгалзаж үзсэн боловч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй, зураг төсвийг бэлэн болгож батлуулаагүй. Техникийн нөхцөл олгогдоогүй төсөл арга хэмжээг  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  “Ахмадын болон амьдрах ухааны ордон” барих ажлын зураг төсөвт барилгын буулгалтын ажлын 50,0 сая төгрөгийн төсвийг  тусгалгүй  орхигдуулсныг 2016 оны төсөвт нэмж тусгуулсантай холбоотойгоор  ашиглалтад орох хугацаа нь гэрээнээс нэг жил гурван сараар хойшилжээ.  Түүнээс гадна инженерийн шугамын 58.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг зураг төсөлд тусгагдаагүй байсныг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд энэ гүйцэтгэлээ 2017 оны төсөвт тусгуулахаар гүйцэтгэгч “Арь констракшин” ХХК хөөцөлдөж байгаа талаар тайлбар ирүүлсэн байна.
Харин Тэс сумын аврах гал унтраах 57 дугаар ангийн барилга худалдан авах, засварлах ажил болон аймгийн замын сангийн  хөрөнгөөр хэрэгжсэн найман төсөл арга хэмжээнүүдийн худалдан авах ажлыг зохион байгуулахдаа техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй, техникийн тодорхойлолт, зураг төсөл, ажлын даалгавар зэргийг бэлэн болгоогүй байхад гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Асгат сумын Засаг дарга нь 2015 онд тус сумын сургуулийн засварын ажил төсөвт тусгагдаагүй байснаас шалтгаалан худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй,  гүйцэтгэхээр  санал ирүүлсэн “Харганат” ХХК-тай   209.9 сая төгрөгийн өртөгтэй ажлыг гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулсан гэсэн зөрчлүүд илэрчээ.
“Жам” ХХК нь  улсын комиссоос өгөгдсөн 10 үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна
Төрийн Аудитын газраас хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гэрээний хэрэгжилт, санхүүжилт, үр дүнг шалгахад дараахь зөрчил илэрчээ.
2014 оны 10 дугаар сард ашиглалтанд хүлээлгэн өгөх гэрээтэй  Их Уул, Тосонцэнгэл сумдын Рашаант, Хуягт багуудад цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын гүйцэтгэгч “Жам” ХХК нь гэрээний хугацааг хоёр жилээр хэтрүүлсэн байхад аймгийн Засаг даргаас гэрээг дүгнээгүй, гэрээндээ хугацаа хэтрэлтийн алданги тооцох асуудлыг тусгаагүй байна. Уг ажлын төсөвт магадлагаа хийлгээгүй байхад аймгийн ГХБХБГ-аас ажил эхлэх зөвшөөрөл олгон, 2016 оны 12 дугаар сард  ашиглалтанд хүлээн  авсан байна. Одоогоор хэрэглэгчийн тоо хэт цөөн гэсэн шалтгаанаар Их Уул, Тосонцэнгэл сумдын Рашаант, Хуягт багуудад цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглаж эхлээгүй, гүйцэтгэгч “Жам” ХХК нь  улсын комиссоос өгөгдсөн 10 үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна.
Бодит гүйцэтгэлээс илүү төсөв шаарджээ
Завханы төв Улиастай сумд баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажил нь 2016 оны Төсвийн тухай хуулинд 7,400.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр батлагдсан боловч аймгийн Засаг дарга нь  гүйцэтгэгч “Эл Эс Би” ХХК-ний хүсэлтээр уурын зуухны барилгын төсвийг хасан  7,210.2 сая төгрөгийн өртөгтэйгээр  2016 оны 11 дүгээр сарын 26-нд дуусах хугацаатай гэрээг байгуулжээ.
Гэтэл уг барилга өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа бөгөөд гэрээний хугацаа сунгагдаагүй байна. Гүйцэтгэгч“Эл Эс Би” ХХК нь  барилгын гүйцэтгэлийн тайланг  бодит гүйцэтгэлээс 432,7 сая төгрөгөөр илүү ирүүлснийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн болон аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд  хяналгүйгээр  санхүүжилтийг илүү олгосон зөрчил илэрчээ. Мөн Асгат  сумын сургууль, спорт заалны их засварын ажлын зураг төсвийг 2014 онд  бэлэн болгож, зургийг аймгийн архитектороор батлуулсан боловч төсвийг магадлуулаагүй байна.  Зургийг гүйцэтгэсэн “Бэрсүм” ХХК нь  НРЖ-10, НРЖ-16 маркийн  тогоонууд суурилуулна гэж тооцсон байхад гүйцэтгэгч “Харганат” ХХК нь НРЖ-30 маркийн хоёр тогоог суурилуулсан байна. Эдгээр компаниуд өөрсдийн гүйцэтгэсэн ажлаа  үнэн зөв хийсэн гэсэн маргааныг үүсгэж байгаа тул тогооны хүчин чадал тохирч байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулахаар Аудитын газраас шийдвэрлэжээ. Энэ их засварын ажлын явцад зохиогчийн болон захиалагчийн хяналт хийгдээгүй байхад ашиглалтанд хүлээн авсан зөрчил мөн гарсан байна.
Улсын комисс ашиглалтанд хүлээж аваагүй байхад санхүүжилтийг бүрэн олгожээ
Цэцэн-Уул, Яруу, Улиастай сумдын  модон гүүрийн засварын ажлуудыг гүйцэтгүүлэхээр зам гүүрийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй “Дээдсийн цагаан гэр” ХХК-тай гэрээ байгуулсан. 2016 оны зургадугаар сард багтаан ашиглалтанд орох гэрээтэй аймгийн төвийн болон сумдын авто замын хэвтээ, босоо тэнхлэгийн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажлын гүйцэтгэлийг хуурамчаар  гаргасныг  аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс хяналгүйгээр 20.0 сая төгрөгийг олгосон, одоогоор уг ажил хийгдээгүй байна. Чигэстэй голын модон гүүр барих  ажлын санхүүжилтээс таван сая төгрөгийг дутуу олгосноос шалтгаалан уг төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй байна. Аймгийн ЗДТГ-ын холбогдох ажилтнууд санхүүжилтээс дутуу олгосон  таван сая төгрөгийн  баримтыг бүрдүүлээгүй, зарцуулалт нь нотлогдохгүй байгаа тул шалгуулахаар  аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн албанд шилжүүллээ.  Гүүрийн ажлыг газар дээр нь үзэхэд шаардлага хангаагүй, хоёр талын гарам эвдэрсэн машин техник гарах боломжгүй байна. Улиастай сумын Жинст, Богдын гол, Жаргалант багуудад зам засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхэд хэрэглэгдэх машин механизмыг “Насны зам” ХХК бүрэн хариуцна гэсэн боловч шаардагдах машин механизмыг бүрэн гаргаж өгөөгүйгээс технологийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй гэсэн тайлбарыг гүйцэтгэгч ирүүлсэн, ажлын гүйцэтгэлийг улсын комисс ашиглалтанд хүлээж аваагүй  байхад санхүүжилтийг бүрэн олгосон. Улиастай сумын Жинст багийн дөрвөн замын уулзварын гэрлэн дохио суурилуулах ажлыг улсын комисс ашиглалтанд хүлээж аваагүй  байхад санхүүжилтийг бүрэн олгосон гэхчлэн зөрчлүүд илэрчээ.
Улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн зарим тоног төхөөрөмж дутуу олгогджээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн хуваарилалтыг шалгахад дараахь зөрчил илэрсэн тухай аймгийн Төрийн аудитын газраас мэдээлэв.
Тухайлбал “Цахим-Эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд  олгогдсон тоног төхөөрөмжүүдээс нэг  бүр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 16 ширхэг вирусийн эсрэг программ,  KL-2C маркийн  7.5 сая  төгрөгийн үнэтэй нэг ширхэг төрөх ор тус тус нийлүүлэгдээгүй байна.
Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас Завханмандал суманд хуваарилагдсан  NISSAN X-Trial суудлын автомашиныг Шилүүстэй суманд олгож  Эрүүл мэнд, спортын яамны хуваарийг өөрчилсөн. 30.0 сая төгрөгийн үнэтэй  Пургон 2206 автомашин, 1.7 сая  төгрөгийн үнэтэй Dell optiplex 3020MT 19 маркийн компьютер, Huawei 2000A-Tower 1kva UPS маркийн дөрвөн сая  төгрөгийн үнэтэй  тог баригч зэргийг хүлээн авсан сумдын эрүүл мэндийн төвүүд бүртгэлд тусгаагүй. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт  нийлүүлэгдсэн цахим тоног төхөөрөмжүүдийн программ хангамж дутуу суугдсан, сүлжээнд бүрэн холбогдоогүй учраас  бүрэн ашиглагдаагүй байгаа.  Баянтэс сумын сургуульд хуваарилагдсан 10 ширхэг нийт 1.6 сая  төгрөгийн  өртөгтэй хурлын заалны сандал  бэлтгэн  нийлүүлэгч компаниас ирээгүй байна. 
Улиастай сумын Дэвшил сургуульд хуваарилагдсан захирлын өрөөний ширээ, захирлын сандал, номын сангийн сандал, самбар, угтвар ширээ, номын шүүгээ зэрэг 15 ширхэг 2.2 сая төгрөгийн  тавилга, эд хогшил нийлүүлэгч компаниас орон нутагт ирснийг  тухайн байгууллагад  хүлээлгэн өгөөгүй,  батлагдсан хуваарьгүйгээр төмөр шкаф хуваарилсан. Боловсрол соёлын газар яамнаас ирүүлсэн хуваарийг  өөрчлөн Улиастай сумын зургадугаар цэцэрлэгт хуваарилагдсан  таван  нэр төрлийн 5.1  сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг 9 дүгээр цэцэрлэгт олгосон гэхчлэн зөрчлүүд илэрсэн байна. Ийнхүү аудитаар  2375.6 сая төгрөгийн зөрчлийг  илрүүлж, холбогдох албан тушаалтнуудад зургаан албан шаардлага, 13 заалт бүхий зөвлөмж хүргүүлэн зургаан ажилтанд хариуцлага тооцуулах саналыг хүргүүлсэн тухай Завхан аймаг дахь Төрийн Аудитын газраас тус тус мэдээллээ.
Б.Мягмарсүрэн
 
Холбоотой мэдээ