100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-19 11:41:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга өчигдөр ашиглалтад орлоо.

Нийтдээ 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын санхүүжилтийн 80 хувийг Швейцарийн Холбооны Улсын "La mensa e il gregge" ТББ, 20 хувийг аймгийн Орон Нутгийн Хөгжлийн Сангаас гаргажээ. Шинээр цэцэрлэгийн барилга барих асуудлыг талууд 2015 оноос ажил хэрэг болгож, 2017 онд  аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар орон нутагт ногдох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр барилгын ажил эхэлсэн аж. Барилгын ажлыг "Көшелик" компани төлөвлөсөн хугацаанд багтаан гүйцэтгэжээ.

Цэцэрлэгийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, "La mensa e il gregge" ТББ-ын тэргүүн Маттёо Бэллинэлли, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Гажайып, Т.Серикжан болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, сумын удирдлагууд оролцлоо.  

Улаанхус сумын Хөх хөтөл баг нь аймгийн төвөөс 100 км, сумын төвөөс 50 км алслагдсан  ба тус сумын 1, 2, 3 дугаар багуудын иргэд олноор төвлөрсөн суурин газар юм. Мөн дунд сургууль, их эмчийн салбар, цэцэрлэг, банкны салбар үйл ажиллагаа явуулж, дээрх багуудын 4500 орчим иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна.    

Ө.Нурболат

Холбоотой мэдээ