Узбекистанд өрнөсөн гэнэтийн шинэчлэлийн учир шалтгаан

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-09-18 13:28:50
 
ЛОНДОН./BBC/. Захиргаадалтын дэглэмд нухлагдсан,  дэлхий дээрх хамгийн хаалттай улс орнуудын нэг болох Төв Азийн Узбекистан улсад сүүлийн хэдэн сарын хугацаанд санаанд огт багтамгүй дэвшилтэт өөрчлөлтүүд гарч байна.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд засгийн эрхэнд гарах үед ажиглагчид дүгнэхдээ “Ислам Каримовын хатуу бодлого үргэлжилнэ, харгислал мөшгилт улам гаарч магадгүй” гэцгээж байлаа. Гэтэл түүнээс хойш жил хүрэхгүй хугацаанд Узбекистаны эрх баригчид улс төрийн хоригдлуудыг суллаж, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссарыг улс орондоо урина гэж төсөөлж байсан хүн бараг үгүй болов уу.

Төрийн байгууллагуудыг шүүмжлэхийг засгийн газар өөрөө уриалж эхэлсэн нь урьд өмнө нь огт сонсогдож байгаагүй хачирхалтай зүйл. Шүүмжлэл өрнүүлэхийг Ерөнхийлөгч өөрийн биеэр ард иргэд, төрийн албаныхан, соёл урлагийн зүтгэлтнүүд болон хэвлэл мэдээллийнхэнд хандан уриалж байна. “Шүүмжлэл хэрэгтэй, шүүмжлэх нь үр дүнтэй байдаг” гэж тэрбээр 7 дугаар сард залуучуудтай уулзах үеэрээ хэлж байсан аж. 

Зөвхөн уриалаад зогсохгүй Шавкат Мирзиёев өөрөө төрийн байгууллагуудыг шүүмжлэн, үлгэр жишээ үзүүлж байгаа гэнэ. Тэрбээр прокуроруудыг “хамгийн архаг хулгайч нар” гэж нэрлээд “прокурорууд ард олонд гай зовлон тарьж байна. Хэрвээ тэд шударга ажиллаж чадахгүй юм бол бүгдээрээ зайлах хэрэгтэй” гэжээ. Урьд өмнө нь ийм үйл явдал тус улсад хэзээ ч болж байгаагүй юм. Цагдаа нар зоргоороо авирлаж байгаа тухай, орон сууцанд амьдрагсад ундны ус, ахуйн хэрэглээний хийгээр гачигдаж байгаа талаар, орон нутгийн засаг захиргаанд авлига газар авсан талаар иргэд гомдол тавихаас айдаг байлаа. Төрийн байгууллагын анхаарлыг өөртөө татахыг хэн ч хүсдэггүй байв.

“Улс оронд болж буй өөрчлөлтийн ачаар хүмүүсийн айдас хүйдэс алга болсон” гэж Самарканд хотын нэгэн оршин суугч ярьж байна. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд урамшсан ард иргэд үзэл бодол, шаардлагаа чөлөөтэй илэрхийлэх боллоо. Тухайлбал, энэ оны хавар анагаах ухааны коллежийн оюутны амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа олон зуун хүмүүс өргөх бичиг барьж, хэргийг шуурхай илрүүлэхийг шаардаж байв.
 
Үүний зэрэгцээ, тус улсад гарсан томоохон өөрчлөлт бол гадаад валют солихыг зөвшөөрсөн явдал юм. 9 дүгээр сарын эхээр засгийн газар валютын зах зээлийг либералчлахад чиглэсэн шинэчлэлийг хийж эхэлснээр олон жилийн дараа анх удаагаа Узбекистанд гадаад валютыг банкуудад чөлөөтэй сольдог болов. Ийм шинэчлэл хийхээс өмнө валютын ханшийг зах зээл бус харин төрөөс тогтоож байсан бөгөөд зөвхөн нийгмийн дээд зиндааныхан уг ханшаар валют сольдог байжээ. Харин иргэд болон бизнес эрхлэгчдийн ихэнх нь хар захаас эсвэл “биржийн ханшаар” худалдан авдаг байсан бөгөөд хар захын ханш нь албан ханшнаас дор хаяж хоёр дахин өндөр байв.

Валют солилцоог хязгаарлаж байсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн саад тотгор учруулж  байсан юм. Учир нь, хөрөнгө оруулагчид олсон ашгаа гадагш нь гаргах боломжгүй байв.

Валютын шинэчлэлтэй зэрэгцэн засаг захиргааны шинэчлэл эхэллээ. Шинэчлэлийн гол зорилго нь төрийн удирдлагын хэт төвлөрлийг сааруулах явдал. Төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байсан Ислам Каримовын үед үүнийг төсөөлөхийн аргагүй байлаа.

Узбекистаны хөрш орнуудтайгаа тогтоосон харилцаа ч сайжрав. Каримовын үед Киргиз, Тажикистантай таагүй харилцаатай байсан бол эл байдлыг засч залруулжээ. Ерөнхийлөгчийн хийж буй өөрчлөлтүүд нь улс орны дотоод болон хилийн чанадад итгэл найдвар төрүүллээ.

Гэвч бүх зүйл санаснаар болчихоогүй байна. Валютын шинэчлэлийг иж бүрэн байдлаар хийгээгүй байгаа бөгөөд хувь худалдаж авсан валютыг нь хувь хүмүүст бэлнээр олгохгүй байгаа аж. Харин “хөрвүүлэх карт” гэгчид шилжүүлж байгаа ба уг картыг зөвхөн хилийн чанадад ашиглаж болох гэнэ. Энэ нь түр зуурын арга хэмжээ гэж шинжээчид үзэж байгаа хэдий ч валютын хар зах нэг хэсэгтээ ажилласаар байх болов уу. 

Түүнээс гадна, шууд эфирт мэтгэлцээн явуулах гэх мэт шинэ санаачилгууд нь асар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Нийгэмд тулгамдсан ноцтой асуудлуудыг хэлэлцэхийн зорилгоор саяхнаас гарч эхэлсэн “Олон улсын хэвлэлийн клуб” нэвтрүүлгийн үеэр улстөрчдөд “таагүй асуултууд” тавих болсноор уг нэвтрүүлгийн нэр хүнд ихэд өсчээ.

Гэвч төрийн түшээдийн зарим нь энэ клубын үйл ажиллагаанд таатай хандахгүй байна. Ерөнхий сайд Абдулло Арипов  8 дугаар сард хөтлөгч Шерзод Кудратхужаевтай хэрүүл өдөөж, улмаар шууд нэвтрүүлгийг нь хаана гэж сүрдүүлсэн аж. Энэ явдлын дараа “Олон улсын хэвлэлийн клуб” нэвтрүүлгийг урьдчилж хийсэн бичлэгээр гаргах болж, хөтлөгчийг нь сольжээ. Харин Кудратхужаевын ярьснаар бол, уг нэвтрүүлэг 15-ны өдрөөс эхлэн шууд эфирээр гарах болсон гэнэ.  

Шинэчлэл хийх болсны цаад учир шалтгаан нь юу вэ?

Мирзиёевийн хийж буй шинэчлэл нь хэр амжилттай болох вэ гэдгийг тодорхойлохын тулд тус улсын удирдлага яагаад ийм алхам хийх болов гэдгийг эхлээд ойлгож мэдэх хэрэгтэй.

Одоо явуулж буй либерал шинэчлэл бол засаг төрийн нэгдэн нягтрах үйл явцын нэг хэсэг юм. Энэ нь тун хачирхалтай сонсогдож байж магадгүй.  Учир нь, Ислам Каримов нас барахаасаа өмнө өөрийг нь залгамжлах хүнийг олон түмэнд зарлаагүй билээ. Түүнийг нас барсны дараа хэд хэдэн нөлөө бүхий хүмүүс, тухайлбал, шадар сайд бөгөөд Сангийн сайд Рустам Азимов, Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Рустам Иноятов нарын зэрэг хүмүүс засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөн тэмцэлдэж байв.

Харин Шавкат Мирзиёевыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсноор талууд зөвшилцөлд хүрсэн мэт санагдаж болох юм. Гэхдээ тийм биш ээ. Узбекистаны хуучин дэглэмийнхэн өөр хүмүүстэй засгийн эрх мэдлийг хуваалцахыг хүсэхгүй байна.

Харин одоо Рустам Азимовыг "Узбекинвест" гэдэг байгууллагын даргаар томилон явуулжээ. Үндэсний аюулгүй байдлын албаны дарга албан тушаалдаа хэвээр үлдсэн боловч түүний орлогч байсан Шухрат Гуломовыг “улсад их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан” гэх хэрэгт холбогдуулан бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

Хүчний байгууллагынхны хүч нөлөөг сулруулахын тулд Мирзиёев дээрх бүх шинэчлэлийг хийж байгаа юм. Ийм өөрчлөлтүүд хийснээр тэрбээр юуны түрүүнд нөлөөгөө бэхжүүлж чадна. Хоёрдугаарт, эдгээр өөрчлөлт нь хүчнийхнийг засгийн эрхэнд байлгасаар байдаг тэр тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн юм.  

Хүчнийхний улстөрийн нөлөө нь тэдний санхүүгийн эх үүсвэртэй салшгүй холбоотой байдаг. Ийм учраас валют солилцоог чөлөөтэй болгох нь тэдний байр суурьт хүчтэй цохилт болох юм. Эдгээр хэсэг бүлэг хүмүүс нь бусад иргэд, бизнес эрхлэгчидтэй харьцуулахад хоёр дахин хямд үнээр гадаад валютыг худалдан авснаар санхүүгийн асар их баялгийг эзэмшиж байв. Ислам Каримовын үеийн тогтолцоо чухамдаа ийм давуу байдалд тулгуурлан бий болсон учраас хүчний байгууллагынхан улс оронд өөрчлөлт хийхийн эсрэг зогсч байгаа юм.

"Ройтерс" агентлагийн дипломат эх сурвалжуудын мэдээлснээр бол, Рустам Иноятовын эсэргүүцлээс болоод зарим шинэчлэлүүд хийгдэж эхлэхгүй хойшилсоор байгаа аж. Жишээ нь, валют солилцоог чөлөөтэй болгох шинэчлэлийг энэ оны 3 дугаар сард хийх гэж байсан боловч дөнгөж саяхнаас буюу 9 дүгээр сард хийж эхэлсэн байна. Түүнээс гадна барууны хэд хэдэн орнуудтай харилцан визгүй зорчих журмын  ажил 2021 он хүртэл хойшлогджээ.
 
Мэдээж хэрэг, Узбекистаны шинэ удирдлага шинэчлэл хийх явцад нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Тухайлбал, шинэ сэтгэлгээтэй, төрийн албанд хандах шинэ хандлагатай мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна.

Асуудлын гол нь юунд оршиж байна вэ? Засгийн эрхэнд баттай сууж авсныхаа дараа Мирзиёев өөрийн сонгосон шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлэх үү? эсвэл шинэчлэл өөрчлөлтийг хумьж зогсоох уу? Өөрийн тогтоосон засаглалыг хадгалж үлдэхийн тулд хавчлага мөрдлөгийн хуучин тогтолцоог сэргээх үү?
Жинхэнэ сөрөг хүчнийг сонгуульд оролцуулж, ард иргэдийн эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн улстөрийн өөрчлөлтийг хийхгүй байх аваас бүхий л шинэчлэл өөрчлөлтүүд яваандаа зогсох юм.  

Одоохондоо И.Каримовыг ил тодоор шүүмжилсэн зүйлс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд харагдахгүй байна. Ш.Мирзиёевын хувьд, Каримовын удирдлагын арга барилыг муучлахыг хүсэхгүй байгаа бололтой. Магадгүй тэрбээр ийм арга барилыг хэрэглэх гэж байгаа юм болов уу? гэсэн асуулт одоохондоо хариултгүй үлдлээ.

Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: http://www.bbc.com/russian/features-41269455 

Холбоотой мэдээ