Баян-Өлгийн хүүхэд, залуучууд "Номын баяр"-аа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-15 17:41:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Б.Ахтаны нэрэмжит Нийтийн номын сан хамтран Өлгий хотын төв талбайд "Номын баяр-2017" арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд сумдын номын сангууд, номын худалдаа эрхлэгчид, гэрийн номын сантай иргэд, уншигчдын оролцоогоор шинэ номын үзэсгэлэн, ном солилцоо,  номын худалдаа явагдаж, сумдын Соёлын төвүүд болон Өлгий сумын сургуулиуд тайлант үзэсгэлэн гаргалаа. Мөн  "Үлгэрийн баатруудын дүр"-ийн жагсаал, "Миний дуртай зохиолын баатар" сэдэвт гар зургийн уралдаан боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагааны зорилгыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ермек: "2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баярын өдөр тэмдэглэх тухай" 158 тоот зарлигийн хэрэгжилтийг хангах, хүүхэд багачууд, ард иргэдийг номтой нөхөрлөхөд уриалахад оршино" хэмээн тайлбарлалаа.


"Номын баяр-2017" арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож,  хүүхэд, залуучууд болон номыг шимтэн уншигч нарт баярын мэндчилгээ дэвшүүлж, тэргүүний уншигчдад Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч" шагнал гардууллаа. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ