Мэдээллийн технологийн байгууллагууд “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-15 13:46:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт тоног төхөөрөмжийг олон нийтэд танилцуулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилго бүхий “ICT expo-2017” үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ), Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл зэрэг үүрэн холбооны оператор компани, “Ноён зууч 1950”, “Айтүүлс” зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

Үзэсгэлэнд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат илгээлт ирүүлжээ. Тэрбээр, “Засгийн газар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүртээмжтэй, түргэн шуурхайн хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, төлбөр тооцоо төлөх, бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, өргөдөл гомдол гаргах зэрэг 30 гаруй төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд, баялаг бүтээгчдээ бичиг цаас, хүнд суртлаас чөлөөлж байгаа юм. Засгийн газар мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх төрийн болон хувийн байгууллагуудын бүтээлч санал, санаачлагыг бүх талаар дэмжих болно” гэжээ.

“Төсөөллөө бүтээцгээе” уриан дор 11 дэх жилдээ болж буй энэхүү үзэсгэлэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа, шинэ санал, дэвшилтэт технологийг иргэддээ танилцуулж, бизнесээ хөгжүүлэхэд нь томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ХХМТГ-ын дарга Б.Чинбат дурьдлаа.

Мөн үзэсгэлэнгийн үеэр ШУТИС-иас автомат роботын ширээний хөлбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд ашиглаж буй роботыг тус сургуулийн оюутнууд өчигдөр буюу энэ сарын 14-нд бүтээж дууссан байна. Мөн  “Prolive Entertainment Center”, Мобинет болон “ Star” ТВ хамтран  “DOTA2”, “NBA”, “FIFA” зэрэг цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ