Үндсэн хуулийг өөрчлөхдөө Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар зөвшилцөлд хүрсэн байх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-09-14 15:55:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндсэн хууль: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр Эрдмийн их сургуулийн хурлын танхимд боллоо. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл энэ үеэр хэлэхдээ, “1992 оны Үндсэн хуулийн чадавхи үндсэндээ шавхагдсан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэн чухал” хэмээн тэмдэглэв.

Академич С.Нарангэрэл энэ үеэр тавьсан “Монгол Улс амьд Үндсэн хуультай юу” илтгэлдээ ийн дүгнэжээ. Түүний илтгэлийн гол санаа нь 1992 оны Үндсэн хуулийг улс төрийн туйлын хурцадмал байдалд баталсан. Ингэхдээ тэрхүү хурцадмал байдлаас гарахад Үндсэн хуулийн нөлөө их гэж дүгнэсэн учир маш богно хугацаанд буюу хагас жилийн дотор боловсруулсан. Боловсруулалтын явцад олон улсын тунхаглал, баримт бичгийг шууд хуулбарласан нь монголын нийгмийн амьдралд чухам ямар үр дагавар авчирч болохыг урьдчилан тооцоолоогүй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн тохиолдолд улс орны эдийн засаг аяндаа өөрөө хөгжинө хэмээн урьдчилан тооцсон.

Олон ургальч үзэл бодол, шашин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангачихвал олон түмний оюун санааны хөгжлийг хангаж чадна гэж үзсэн. Ардчиллыг хөгжүүлбэл улс орон тууштай хөгжин цэцэглэнэ хэмээн үзэж, Үндсэн хуулийн оршил хэсэгт хүмүүнлэг, арчилсан нийгэм цогцоолно хэмээн тунхагласан ч одоогийн өндөрлөгөөс харахад монголын нийгэмд хөгжил дэвшил, ард түмэнд сэтгэл хангалуун амьдрал авчирч чадсангүй. Цаашид ийм байдлаар үргэлжилбэл удаах зуунд ч улс орон хөгжиж чадахгүй, Монгол улс мөхлийн аюул нүүрлэсээр байх болно хэмээжээ.

Иймд шинээр оруулах нэмэлт өөрчлөлт нь улс үндэстнийхээ оршин буй заяамал нөхцөл байдалтай шүтэн барилдсан уламжлалт аж төрөх ёс, оюун санааны өв, соёл нийгмийн тогтолцоо, сэтгэлгээний хэв маяг, хөгжлийн загварыг суулгаж өгөх шаардлагатай хэмээн тэрбээр үзэж байна. Илтгэлтэй холбогдуулж эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцсон бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөх явцад бүх нийтийн оролцоо, ялангуяа эрдэмтдийн байр суурийг онцгойлон сонсох ёстой гэдэгт санал нэг байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн энэ үеэр, "1990 оны Ардчилсан хувьсгалын үзэл санаа гажуудсан нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын сайтаас авч, зүйл бүрээр нь авч үзлээ. Ингэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр дамжуулж, луйврын аргаар төрийн эргэлт хийх гэж оролдож байна гэж хэлэхэд болохоор байна. Мөн намаар халхавчилсан олигарх бүлэглэл, тэдний эздийн гарт орсон Засгийн эрх мэдлийг бодит байдал болгож Үндсэн хуулиар баталгаажуулахад чиглэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь үндсэндээ Монголын нийгэмд тулгарсан, бугшсан нэг түвэгтэй гол асуудлуудыг шийдэхэд чиглэж чадсангүй. 

Одоогийн парламентыг төрийн эрх барих дээд барих байгууллага мөн хэмээн тогтоосон нь Үндсэн хуулийн сул тал юм. Ингэснээр УИХ-ын гишүүд хуулийн дээгүүр гишгэж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг олонхиор хүч түрэн өөрчилж болохгүй. Өмнө  олонхиор түрий барьж уг хуулинд өөрчлөлт оруулж завхруулсан. Иймд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар зөвшилцөлд хүрсэн байх хэрэгтэй. Мөн бүх нийтээр хэлэлцүүлж байж өөрчлөлтийг хийх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргаж, олон нийтийн хүртээл болгохоор боллоо.
Б.Туул

 
Холбоотой мэдээ