Малчид отроос эргэн ирж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-14 11:04:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ өвөл 3,5 сая мал өвөлжүүлэхээр өвөлжилтийн бэлтгэх хангаж байна.

Өнгөрсөн сард зарим нутгаар хур бороо орж ган тайлагдан өөр аймгийн нутагт малаа оторлож байсан малчид нутагтаа ирж байна. Зун гантай байсан Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг сумын нутагт бороо орсноос бэлчээрлэх боломжтой болж байгаа гэж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий ярьлаа.

Зуны сүүл сард нийт нутгаар 14-21 удаа 23,5-165,9 мм хур тунадас орсон бөгөөд Булган, Бугат, Хангалаас бусад сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу оржээ гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэлд дурдсан байна. Тус аймгийн нутгийн 70 шахам хувьд гантай буюу гандуу байснаас 500 гаруй өрх 311,0 мянган малтайгаа найман аймгийн нутагт оторт гарсан байсан юм. Одоогоор тус аймгийн хэмжээгээр өөр аймгийн нутагт 100,0 орчим мянган толгой мал өвөлжүүлэхээр урьдчилан гэрээ хэлцэл хийж, оторлон нутаглаж байсан бусад малаа нутагтаа онд мэнд оруулахаар бэлтгэлээ хангаж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ