“Сэлэнгэ-2030” төслийн танилцуулга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-11 20:50:37
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2030 онд хэрхэн хөгжиж, тогтвортой хөгжлийн зорилтуудад ямар хувь нэмэр оруулж болохыг дунд сургуулийн сурагчид яаж төсөөлж байгаа, ахлах ангийн сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол олгох зорилго бүхий төслийн уулзалт Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.

Энэхүү “Сэлэнгэ-2030” төслийн уралдаан нь бэлтгэл хангах, төсөл боловсруулах болон шалгаруулах үе гэсэн гурван үе шаттайгаар явагдах ажээ. Төслийн гол үр дүн нь аймгийн төвийн дунд сургуулийн сурагчдын тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг дээшлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөвлөлтөнд сурагчдын оролцоо нэмэгдэхэд оршиж байгаа юм. “Сэлэнгэ-2030” төслийн уралдааныг тогтвортой хөгжлийн боловсрол төслийн нэгж аймгийн БСУГ, БОАЖГ-тай хамтран зохион байгуулах ажээ.

Уралдаанд аймгийн төвийн ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд сургууль тус бүрээс нэг баг бүрдүүлэн, орон нутгийн удирдлагуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, “Тогтвортой хөгжил-2030” төслийн хүрээнд өөрийн орон нутагт шийдвэрлэж болох 1-3 зорилтуудыг сонгон авч, өнөөгийн нөхцөл байдлаа судалж, шийдлийн хувилбаруудтайгаар төслөө боловсруулах юм байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс зохион байгуулсан “Сэлэнгэ-2030” төслийн уралдааны нээлтийн сургалтанд аймгийн төвийн сургуулиудын 9-11-р ангийн сурагчид захирал, нийгмийн ажилтны хамт хамрагдлаа. Мөн тус сургалтад аймгийн БСУГ, БОАЖГ-ын мэргэжилтнүүд оролцож сурагчдад мэдээлэл өглөө. Төслийн шалгаруулалт 11-р сард болох юм байна.

2015 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд дэлхийн 193 орны удирдагчид оролцон “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг баталжээ. Монгол Улс ч тогтвортой хөгжлийн зорилтын дор нэгдсэн юм. Эдгээр зорилтуудыг ирээдүйд хэрэгжүүлэх үндсэн хүч болсон хойч үеийнхэндээ сурталчлан таниулахын тулд ийнхүү “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн төвийн дунд сургуулийн сурагчдын дунд тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчлан таниуллаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ