“Дугуйн марафон” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-11-07 13:54:49

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж буй “Дугуйн марафон-2015” өнөөдөр 11:00 цагт эхэллээ.

Марафонд оролцогчид Чингисийн талбайгаас гараанд гарч, Энхтайваны гүүр-120 мянгат – Зайсан-Их тэнгэр-Маршалын гүүр-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлд нийт 8 км замыг туулж барианд ирэхээр гараанаас хөдөллөө.

Энэ үеэр Сонирхогчдын дугуйн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр  зохион байгуулах юм.
Бүх оролцогчдод батламж олгохоос гадна сонирхогчдын дугуйн тэмцээн болон Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнд нас тус бүрт эмэгтэй, эрэгтэй төрөлд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4, 5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах юм.

Мөн “EXTREME Trial”-ын үзүүлбэрийн тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг  медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах аж.

Харин насанд хүрэгчдийн тэмцээн маргааш 11:00 цагаас  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ