Гаршуулсан бүргэдийг байгальд нь тавих уламжлалаа сэргээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алмакөк толгой хэмээх газарт энэ сарын 24-нд бүргэдийг байгальд тавьж явуулах арга хэмжээг анх удаагаа зохион байгуулахаар болжээ. Энэ талаар "Алмакөк" Бүргэдчдийн холбооноос мэдээллээ.
Тус арга хэмжээний талаар зохион байгуулагч Ж.Даулетханаас тодруулахад: "Казахын ард түмэнд гаршуулж 4-5 жил болсон бүргэдийг цагаан идээ амсуулж, хөлд нь цагаан зурам уян байгальд тавьдаг уламжлал байдаг. Энэ нь бүргэдийн тоо толгой буурах, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Гэвч сүүлийн үед энэ уламжлал мартагдаад байгаа. Бид мартагдсан уламжлал, зан заншлаа сэргээх, бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх урлагийг сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд 60 гаруй бүргэдчин болон гадаад, дотоодын зочид, жуулчид оролцоно. Энэ удаад 5 бүргэдийг байгальд тавьж явуулж, хүндэтгэл үзүүлэх юм. Үүнээс гадна бүргэдийг алсаас дуудах /шахыру/, амьтны чихмэлд буулгах /шырга тарту/, амьд амьтан бариулах тэмцээнүүдийг зохион байгуулж, шилдэг бүргэдчдийг шагнаж урамшуулна" хэмээн мэдээлэл өглөө.
Бүргэдчид ихэвчлэн эм бүргэдийг барьж дасган ан бариулдаг аж. Үүнээс болж байгаль дээр бүргэдийн хүйсийн тэнцвэр алдагдаж, үржилд орох бүргэдийн тоо эрс цөөрч байна гэж иргэд үздэг байна. Тийм учраас зохион байгуулагчид дээрх арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, гаршуулаад 4-5 жил болсон 5-10 бүргэдийг байгальд тавьж явуулахыг зорьж байгаа ажээ.
Ө.Нурболат