БЗД-ийн Засаг даргын асуудал удахгүй шийдэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-07 15:13:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгийн улмаас дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдон үүссэн маргаантай асуудал өнөөг хүртэл үргэлжилж буй. Мөн тус дүүргийн иргэдийн Хурал дахь Монгол ардын нам болон Ардчилсан намын бүлгүүд тус тусдаа хуралдаж, өөр, өөрийн нэр дэвшигчийг дүүргийн Засаг даргаар томилуулахаар хотын даргад саналаа хүргүүлээд байна. Үүссэн маргаантай асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг тус дүүрэгт томилон ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
 
-Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч Баянзүрх дүүрэгт ажиллаж эхэлсэн байна?
 
-Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга өчигдөр шийдвэр гаргалаа. Шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр тус дүүрэгт ажиллаж, дүүргийн иргэдийн Хуралд Монгол ардын нам болон Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийг хамтран хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх учиртай.
 
-Ажил хаанаас эхлэх вэ? Дүүргийн иргэдийн Хурал яагаад хуулийн дагуу шийдвэр гаргаагүй гэж үзсэн юм бол? 
 
-Тус дүүрэгт өнгөрсөн жил явагдсан иргэдийн хурлын сонгуулийн үр дүнтэй холбогдсон шүүхийн маргаан өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй байна. Ардчилсан намын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцож, саналаа өгсөн зарим иргэдийн нэрсийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр дүүргийн Сонгуулийн хороо өнөөг хүртэл иргэдийн Хуралд өргөн мэдүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй байна.
 
Гэтэл Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дүүргийн Сонгуулийн хороо нь шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлсний дараа Хурлаас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах ёстой.
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан. Хуулийн дээрх заалтыг Улсын дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “хурлын нийт төлөөлөгч” гэснийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас бүрэн эрх нь баталгаажсан нийт сонгогдогчдыг хэлнэ гэсэн байгаа.
 
Хуульд заасан энэ мэт шаардлага хангагдаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим үйлчилнэ гэж хатуу заасан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга хуулиар бүрэн эрх нь баталгаажсан, хараат бус сонгуулийн байгууллага хуулийн дагуу өргөн мэдүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй байгаа иргэдийн оролцсон хурлын шийдвэрийг үндэслэж, шийдвэр гаргах боломжгүй юм.
 
-Та тодорхой жишээ хэлж болох уу?
 
-Болно. Тухайлбал, Ардчилсан намын төлөөллийн зохион байгуулсан хуралдаанд оролцсон, дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Х.Өлзийхоролыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар магадлалаар Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасаж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн.
 
Мөн тус дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан А.Эрдэнэсайханыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалаар Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор А.Эрдэнэсайханыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасаж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байна.
 
Дээр дурдсан төлөөлөгч нарыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хассан дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд өгсөн боловч захиргааны хэргийн анхан, дунд шатны шүүхээс Сонгуулийн хорооны шийдвэрийг хуулийн дагуу гэж үзсэн. Х.Өлзийхоролын хувьд маргааныг Улсын дээд шүүх өнгөрсөн Даваа гарагт буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний хэлэлцээд дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрийг мөн хуулийн дагуу гэж үзсэн байна.
 
Энэ дашрамд хэлэхэд, Сонгуулийн тухай хуулийн 159.4-т “орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж заасан болно.
 
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 41 төлөөлөгчийн мандаттай. Хэдийгээр дүүргийн Сонгуулийн хорооноос өөр шийдвэр гаргасан боловч Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хувьд өөрийн 22 төлөөлөгчийг сонгогдсон гэж үзэж байгаа. Харин дээр дурдсан жишээнүүдээс үзэхэд тэдний хувьд өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхыг бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой байгаа юм.
 
-Зөвшилцлийн гэрээ байгуулснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудлыг шийдэж чадах уу?
 
-Төлөөлөгчдийн хувьд хоёр талд гараад маргах биш, ширээний ард сууж, дүүргийнхээ иргэдийн эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Хэдийгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хуулийн дагуу саяхныг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан боловч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Иймд дүүргийн Засаг даргын асуудлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх нь зүйтэй юм. Тийм учраас хотын даргын хувьд маргаантай асуудлаа хойшоо тавьж, нэн тэргүүнд иргэдийн эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргахыг дүүргийн төлөөлөгчдөөс хүсэж байгаа.
 
-Хуулиараа олонхын саналыг авсан хүнийг Засаг даргаар батламжилна гэсэн?
 
-Дүүргийн Засаг даргыг тухайн дүүргийн иргэдийн Хурлаас санал болгосны дагуу Нийслэлийн Засаг дарга томилдог хуулийн зохицуулалттай. Иймд ойрын хугацаанд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу хуралдаж, саналаа Нийслэлийн Засаг даргад ирүүлэх байх гэж найдаж байна.
 
-Д.Энхтөр орлогч хэд хоногийн хугацаатай ажиллах вэ?    
 
-Нийслэлийн Засаг даргын шийдвэрт хатуу хугацаа заагаагүй боловч ойрын хугацаанд буюу энэ 7 хоногт багтааж, тодорхой санал танилцуулахыг Д.Энхтөр даргад үүрэг болгож, дүүргийн өмнө тулгамдсан засаглалын хүндрэлтэй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх талаар идэвх, санаачилгатай ажиллахыг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлэг, Ардчилсан намын бүлэгт зөвлөсөн байгаа.
 
-Хоёр талын байр суурийг хэрхэн сонсч, ажил хэрэг болгох вэ?
 
-Өнөөдрөөс талуудын төлөөллийг байлцуулан уулзалтаа эхэлсэн. Ойрын хугацаанд талууд нэгдсэн саналд хүрэх болов уу гэж найдаж байна.
 
-Энэ дашрамд асуухад, Баянзүрх дүүргийг өөрчлөн зохион байгуулж хоёр дүүрэг болгох санал хаанаас гарсан бэ? Тодорхой судалгаа хийсэн үү?
 
-Нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай буюу 300 мянга давсан оршин суугчтай. 1992 онд нийслэлийн дүүргүүдийг шинээр байгуулах үед нийслэлийн хүн амын тоо 500 гаруй мянга, Баянзүрх дүүрэг 87.5 мянга, Сонгинохайрхан дүүрэг 115 мянга гаруй оршин суугчтай байсан. Тэгэхээр оршин суугчдын тоо өнгөрсөн хугацаанд дунджаар бараг 3.5 дахин нэмэгдсэн байгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, оновчтой, зөв зохион байгуулахад зарим нэг хүндрэл учруулж байна.     
 
Тийм учраас Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/546 дугаар захирамжаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг өөрчлөн зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг тухайн дүүргийн төлөөлөгч, Засаг дарга, холбогдох албаны хүмүүсийг оролцуулан байгуулсан. Энэ Ажлын хэсэг хоёр дүүргийг өөрчлөн байгуулах боломжийг судалж, санал танилцуулна. Түүнээс зарим хүмүүсийн яриад байгаа шиг хоёр дүүргийг хуваачихсан зүйл байхгүй. Өнөөдөр, маргааш ч шийдвэрлэчих асуудал биш. Гэхдээ ирээдүйг харж, өнөөдрөөс судалж байх нь буруу биш. Асуудлыг судалж, давуу, сул талуудыг мэдэж байж шийдвэрлэдэг байх учиртай. Энэ зарчмын дагуу л ажил явагдаж байгаа.
 
За тэгээд Ажлын хэсгийн саналтай танилцсаны үндсэн дээр хуулийн дагуу иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг авна. Мөн тухайн дүүргүүд болон нийслэлийн иргэдийн Хурлаар хэлэлцүүлнэ. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Иргэдийн зүгээс болон хорооны дарга, хэсгийн ахлагч нарын зүгээс хоёр дүүргийг хуваах талаар Нийслэлийн Засаг даргад удаа дараа саналаа ирүүлж байсан.
Холбоотой мэдээ