Тарваган тахал өвчин аль ч улиралд гарах боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-06 12:44:15
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг тарваган тахал, боом өвчлөлийн идэвхтэй голомт бүхий нутаг ч энэ оны хувьд харьцангүй тайван байна.

Тарваган тахал өвчний шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдол нэг удаа гарч, Нарийнтээл сумын иргэн Н “Тарваганы мах идсэний дараа өндөр халуураад байна” гэх дуудлага өгсний дагуу холбогдох албанаас баг бүрэлдэхүүн газар дээр нь очин клиникийн үзлэг, лаборатрийн шинжилгээ хийж, тарваган тахлын өвчин биш хэмээн үзжээ. Өөрөөр энэ чиглэлийн дуудлага гараагүй байна.

“Аймгийн хэмжээнд тарваган тахлын А зэрэглэлд Хайрхандулаан, Уянга сум, Б зэрэглэлд Тарагт, В зэрэглэлд Нарийнтээл сум байдаг, идэвхтэй голомттой учраас хүний өвчлөл гарахгүй гэх баталгаа байхгүй. Ялангуяа сүүлийн хоёр жилд тарваганы үржил сайжирч, тэр хэрээр хулгайн ан ихэссэн. Махны ченжүүд тарваганы махыг их хэмжээгээр худалдан авч өвөл, хавар зарж байгаа учраас тарваган тахлын өвчлөл аль ч улиралд гарах боломжтой байгаа. Тиймээс хууль, хяналтын байгууллагууд, ард иргэд хууль бус агналттай тэмцэж зогсоох явдал чухал байна” хэмээн аймгийн ЗӨСТ-ийн дарга Н.Энхболд хэллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ