Араб, Сири улсын отгууд шонхор барихаар Сүхбаатарын нутагт иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-06 09:53:17
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгаас шонхор барихаар Араб, Сири зэрэг улсаас гурван отог иржээ. Тэд БОАЖЯ-наас өгсөн зөвшөөрлийн дагуу Уулбаян, Мөнххаан сумдын нутгаас шонхор барих юм байна. Барьсан шонхор бүрийн тоогоор татвар авах бөгөөд уг мөнгийг аймаг сумын ЗДТГ  болон БОАЖГ-т хуваарилах ажээ. 

“Өнгөрсөн жилүүдэд өөр улс, аймгийн иргэд ирж шонхор барих явдал ер нь хяналт сул, тухайн сум нь дээд байгууллагадаа мэдэгдэхгүйгээр татварын мөнгийг зарцуулдаг байсан. Энэ жилээс бид үүнийг эмх цэгцэнд оруулахыг зорьж байна. Энэ жилийн хувьд гадны улсаас гурван отог ирсэн. Одоогоор отгууд зөвшөөрөл олгосон газраа байрлаад байна. Малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбоотойгоор бид саяхан отгуудаар явж хяналт шалгалт хийн ямар газраас шонхор барих, ямар газраар явж болохгүй талаар мэдээлэл зөвлөгөө өгч, чиглэл маршрутыг нь зааж өгөөд ирсэн. Цаашид ч байнгын хяналт тавьж, харилцан уялдаа холбоотой ажиллах болно” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Д. Гансүх хэллээ.

Шонхор барих гурван отог ирэх 10 дугаар сарыг дуустал байрлах аж. Нэг отог ойролцоогоор 25-30 шонхор барих бөгөөд нэг шонхороос 6,4 сая төгрөгийн татвар авна. Татварын мөнгийг аймаг, шонхор нутаглаж байсан сум болон БОАЖГ-уудад хуваарилж, тэдний үйл ажиллагаанд зарцуулах юм байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ