Залуу цагаачдыг дэмжих зорилго бүхий хөтөлбөрийг Д.Трамп цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-06 07:26:13
ВАШИНГТОН. /VOA/. Хууль бус залуу цагаачдыг хамгаалах зорилго бүхий хөтөлбөрийг хүчингүй болгохоор шийдвэрлэснээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа мэдэгдлээ.

2012 оноос Барак Обамагийн засаг захиргааны хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрийг цуцалж байна гэж АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс мягмар гарагт мэдэгдсэн байна.

Энэ хөтөлбөр нь эцэг эхийнхээ хамт хууль бусаар цагаачлан ирсэн ахлах сургуулийн сурагчид болон их суруулиа төгсөөд удаагүй байгаа залууст АНУ-д таван жилийн хугацаатай ажиллаж, амьдрах боломж олгодог байсан юм.

Ж.Сешнс өчигдөр мэдэдэл хийхдээ “Одоо энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг шинээр бүртгэхгүй. Цагаан ордон энэ хөтөлбөрт хэдийн хамрагдсан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх зургаан сарын хугацааг Конгресст өгч байна” гэжээ.

Хэрвээ хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн эсрэг шийдвэрийг Конгресс гаргавал 800 мянга орчим хүнийг АНУ-аас албадан гаргах шаардлагатай болно.

Цагаачлалын тухай бодлогыг чангатгана гэсэн мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлэхийн тулд Д.Трамп энэ хөтөлбөрийг цуцлахаар шийдсэн бололтой.

Залуу цагаачид АНУ-ын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж үздэг бизнес эрхлэгч байгууллагуудын удирдагчид болон Ардчилсан намын хууль тогтоогчид түүний энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.

Тус улсын Нью-Йорк муж улс мөн энэ хөтөлбөрийг цуцлахыг эсэргүүцэн шүүхэд хандахаар зэхэж байгаа аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ