IJF: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баатарлаг ялалтын гэрч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-31 13:23:24
БУДАПЕШТ. /IJF/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бөхийн баатарлаг ялалтын гэрч боллоо.

“Рио-2016” зуны олимпын наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдогийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аварга болсноор япончуудын алтан медалийн буухиаг зогсоож чадлаа. Д.Сумъяа нь Монголоос төрсөн жүдогийн хоёр дахь эмэгтэй дэлхийн аварга, Будапештын энэ ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны япон бус хүн боллоо. Аваргын төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хийсэн 12 минут 56 секундийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэвжээнээс ердөө 1 метрийн зайтай орших үзэгчдийн суудлын нүүрний эгнээнээс үзлээ. Д.Сумъяа болон Ц.Ёшида нарын барилдаан үзэгч хөгжөөн дэмжигчдийг  суудал дээрээс нь өндөлзүүлсэн сайхан барилдаан болсон юм.

Өөрийн биеэр хүрэлцэн ирж жүдогийн ДАШТ-ийг үзэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Олон улсын жүдо бөхийн холбооны /ОУЖБХ/ Ерөнхийлөгч Мариус Визер талархал илэрхийлэхийн сацуу цөөн тоогоор хийсэн “2017 Suzuki World Judo Championships” баримлыг дурсгалаа.




Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар ДАШТ-ийг хүрэлцэн ирж үзэж буй Х.Баттулга нь нийслэл Улаанбаатар хот дахь улсынхаа жүдогийн шигшээ багийн бэлтгэлийн зааланд байнга очиж, бөхчүүддээ заавар зөвлөгөө өгдөг  юм. Тэрбээр Д.Сумьяагийн аваргын төлөөх барилдааны үеэр суудал дээрээ тогтож ядсан, сэтгэл нь их хөдөлсөн байртай харагдаж байв.

Ойр хавьд нь суусан хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, алга ташиж,  Монголын төрийн далбаа намирч, хөгжөөн дэмжигчид Монголын төрийн дууллыг чангаас чангаар дуулцгаалаа.

“Жүдогийн эцэг” гэгддэг жүдо бөхийг үндэслэгч бөгөөд сурган хүмүүжүүлэгч Жигоро Каногийн шаазан баримлыг мөн  Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОУЖБХ-ны Ерөнхийлөгч М.Визер дурсгав.



Үүний дараа Х.Баттулга хэлэхдээ “Алтан медаль маш чухал. Бид алтан медаль авч чадлаа. -48 кг-ын жинд мөн алтан медаль авна гэж бодож байсан ч чадаагүй. Гэхдээ бид энэ жинд мөнгөн медаль авсан” гэв.

Дараа нь тэрбээр Монголын жүдогийн бэлгэ тэмдэг болсон Чингисийн баатрын баримлыг ОУЖБХ-ны Ерөнхийлөгч М.Визерт дурсгаад “Өнөөдөр Монголын хувьд гайхамшигтай үйл явдал тохиолоо. Манай бөх үнэхээр сайн байлаа. Бид Японыг яллаа. Энэ ДАШТ-ээс анх удаагаа япон бус хүн алтан медаль авлаа. Манай дөрвөн бөх медаль хүртээд байна. Манай жүдочид улсынхаа спортын салбарт манлайлж байна. Жүдо бол зүгээр ч нэг спорт биш юм. Энэ бол сахилга бат, боловрол, хүндэтгэл юм. Жүдочид бид бие биедээ мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлдэг. Өнөөдөр Монголын шинэ баатрууд төрлөө”  гэв.



https://www.ijf.org/news/show/2017-suzuki-world-judo-championships-2017-budapest-day-three
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ