Умард Солонгосын тэргүүн хатагтай энэ оны эхээр нярайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-30 15:45:57
ПХЕНЬЯН. /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны гэргий энэ оны эхээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн байх магадлалтай байна гэж Өмнөд Солонгосын Тагнуулын төв газар /ТТГ/ өнөөдөр мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын ТТГ-ын мэдэгдсэнээр, Умард Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол Жу хоёрдугаар сард нярайлсан бололтой. Хүүхдийн хүйс болон нэр тодорхойгүй байна.

Тэрбээр өнгөрсөн оны дундуур олон нийтэд харагдахаа больсон бөгөөд тэр үеэс түүнийг “жирэмсэн байж магадгүй” гэсэн таамаглал дэвшүүлж эхэлсэн юм.



Ким болон Ри 2009 онд гэрлэсэн бөгөөд тэд 2010 онд анхны үрийн зулайгаа үнэрлэсэн бол 2013 онд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан гэдэг билээ.

Америкийн домогт сагсан бөмбөгчин Деннис Родман 2013 онд Ким Жөн Уны урилгаар Пхеньянд очсоныхоо дараа “Кимийн хоёр дахь хүүхэд охин бөгөөд нэрийг нь Жү Э” гэдэг гэж ам алдаж байсан юм. Харин Кимийн ууган хүүхэд болон гурав дахь хүүхдийн талаар тодорхой мэдээлэл алга байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ