Дундговь аймгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-08-30 13:03:29
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн сургууль,цэцэрлэгийн багш нар Мандалговь хотын төв талбайд тайван жагсаал хийж байна. Тэд цалин хөлс нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдад хаяглан шаардлага хүргүүлж байгаа бөгөөд  уг шаардлагыг  уламжлан хүргэхийг хүсч аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунд гардуулав.

Багш нар цалингаа нэмэгдүүлэх тухай шаардлагыг төр засагт тавьж байгаа ч энэ онд багтаан цалин хөлс нэмэгдүүлэх боломжгүй, ирэх онуудад нэмэгдүүлэх эсэхийг судлах тухай хариу авсан. Тиймээс орон даяар багш нар дуу хоолойгоо төр засагт нэгэн зэрэг хүргэхээр тайван жагсаалыг бүх аймагт зохион байгуулж байгаа юм. Дундговь аймгийн хувьд таван зуу гаруй багш жагсаалд оролцож байна. Үүний цаана 15 сумын бүх сургууль, цэцэрлэгийн багш нар дэмжиж байгаа гэж Багш нарын цалинг нэмэгдүүлэх Дундговь аймаг дахь  түр хорооны зохицуулагч О.Эрдэнэтөгс  ярилаа. Дундговь аймгийн хувьд түр хороог энэ сарын 22-нд удирдах зөвлөлийн 7 гишүүнтэйгээр байгуулсан байна.
Ерөнхий сайдад хаягласан уг шаардлагад, Монгол Улсын үе үеийн Засгийн газар цалин хөлс нэмэгдүүлэх амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа биелүүлээгүй явж ирсний улмаас боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсадын цалин хөлс амьжиргаанд нь хүрэхгүй, худалдан авах чадвар нь өдрөөс өдөрт доройтож байгааг сануулаад өнөөдөр багш, шинжлэх ухааны ажилчдын авч байгаа цалингийн доод хэмжээг 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг шаардсан байна. Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт тусгаснаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлэх заалтыг биелүүлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахыг шаардлагад онцлон тусгажээ.
Энэ шаардлагын хариуг 9 дүгээр сарын 11- ны дотор багтаан өгөх, хэрвээ шийдвэрлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцлийг өрнүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
 
Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ