Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хур хогноосоо салжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-28 18:19:11

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сум ОНХС-ийн хөрөнгөөр хогийн цэгийнхээ хур хогийг цэвэрлэж булжээ. Өмнө нь хайс хамгаалалт байхгүй, эмх замбараагүй асгаснаас болж хогийн цэгийн хог салхи шуургатай үед хийсч, тэр хавийнхаа уулын бэл, гол усыг бохирдуулдаг байжээ. 

Харин ийнхүү хогийн цэгийн хогийг шууж эргэн тойрны гурван км орчим газрыг цэвэрлэж дарж булж, хайс хамгаалалт хийснээр байгаль орчин бохирдуулахгүй болжээ. Түүнчлэн тус сум энэ жил сумынхаа ойр орчмын гуу жалганы хур хогийг цэвэрлэж устган, сумын төвийн нийтийн эзэмшлийн зам дагуу 68 хогийн савыг байрлуулсан байна. ОНХС-ийн хөрөнгөөр орон нутагтаа хэрэгтэй, шаардлагатай байгаа зүйлсийг шийдвэрлэж хийдэг болсон нь сайшаалтай хэмээн иргэд ам сайтай байна.

Дашрамд, сумын иргэд улирлын чанартай хавар, намрын улиралд нийтийн их цэвэрлэгээг сумын төв болон сумын ойр орчим гурваас таван км орчим талбайд хийдэг болжээ. Ингэснээр эзэнгүй хог хаягдалгүй болжээ. Ирэх есдүгээр сарын 25-аас манай намрын их цэвэрлэгээ эхэлнэ, иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд их цэвэрлэгээнд сайн дураар оролцдог болж хэвшсэн хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ