Завханы "Мөнхөд Мандаг" ХК бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-28 18:14:26

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Мөнхөд мандаг ХК бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулжээ. Эднийхэн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ зун цагаан идээ боловсруулж ааруул, аарц, тараг, ээзгий зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар савлаж борлуулж эхэлсэн байна.

Мөн үхрийн болон ямааны борцыг үйлдвэрийн аргаар савлаж худалдаалдаг болсон нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй жилийн дөрвөн улирал шинэ цагаан идээг хэрэглэх боломжийг орон нутагтаа хангаад буй ажээ. Завханчуудынхаа хэрэгцээг хангадаг тус үйлдвэр нэрийн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ аймгуудаас гадна нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы хэрэглэгчиддээ хүргэдэг.

"Нутгийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хэрэглье" уриатай тус үйлдвэр
өнгөрсөн жилээс эхлэн  чонын элэг, долоогоно, нэрс, хадны цэвэр шүүсийг үйлдвэрлээд буй юм. Мөн хамгийн эрэлт ихтэй чацарганы цэвэр тос, монгол аргаар нэрсэн цагаан архи, ааруул, хуруудныхаа үйлдвэрийн үнийг 15 хувь хямдруулж борлуулж эхэлжээ. Учир нь зуны цагт орон нутагт зорчих, амрах зугаалах иргэдийн тоо нэмэгддэг бөгөөд  ус нутагтаа ирэх гийчдэд нутгийн брендээ хямд үнээр худалдан авах боломжийг олгосон нь энэ юм.
Дашрамд дурдахад, нутгийнхаа хөрсөнд ургасан байгалын цэвэр хүнс болсон жимс, ус, давсны амт нь хүртэл цаанаа нэг өөр байдаг шүү хэмээн нутгаасаа хол суугаа Завханы уугуул иргэд ам сайтай байдаг билээ.  

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ