1500 жилийн настай шигтгэмэл бичээс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-08-24 14:08:36
ИЕРУСАЛИМ. /VOA/. Иерусалимын хуучин хотод кабелийн шугам суурилуулж байх явцад 1500 жилийн тэртээх Грекийн бичээс бүхий шигтгэмэл шал олсон явдал нь эртний түүх дурсгалын үлдэгдлийг олж авсан ховор сайхан тохиолдол болжээ.

Тус шигтгэмэл бичээс нь VI зууны үеийн Ромын эзэнт гүрний эзэн хаан Жустиниан болон түүний Иерусалимд байгуулсан сүмийн хамба лам Константин нарын тухай дурдсан байна. Археологичдийн үзэж байгаагаар энэхүү бичээс нь Жустиниан хааны тус хотын барилгуудын төслийн талаар илүү ихийг мэдэхэд тус болох юм.

Тус бичээст "Хамгаас бишрэлт Ромын эзэнт гүрний хаан Флавиус Жустиниан болон бурхны хайрт хуврага, хамба лам Константин энэхүү барилгыг XIV үед /ромын цаг хугацааны тоолол/ босголоо" гэжээ.

Тухайн үед Ромын эзэнт гүрэн цаг хугацааны тооллоо татвар хураахад зориулан тусгай тооллоор нэрлэдэг байсан юм. Археологичид тус бичвэрийн хугацааг МЭӨ 550-551 он хавьцаа үеийг хамаарна гэж үзэж байна.

Жустиниан бол Византийн үеийн хүчирхэг удирдагчдын нэг байсан юм. МЭӨ 543 онд тэрбээр Иерусалимд тухайн цаг үеийн дорнод Ромын эзэнт гүрний хамгийн том Христийн сүм болох Ниа сүмийг байгуулж байжээ.

Судлаачид тус бичээсийг хуучин хотын Дамаскус хаалганы дэргэдэх аянчин болон замын хүмүүсийн буудалладаг газрын хэсэг гэж үзэж байгаа юм. Энэ бичээс бол яахын аргагүй энэ зуны томоохон ололт байлаа. Эртний эдлэл хамгаалах мэргэжилтнүүд бичээсийг гаргаж ирэн одоо тус олдвор дээр тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгааг мэдэгдлээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ