Т.Аюурсайхан: Гарын үсэг зурсан гишүүдийг маш их гүтгэн доромжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-23 15:14:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Улс орны өмнө тулгамдсан олон асуудал байхад Засгийн газраа огцруулах нь хэр оновчтой юм бэ? Гарын үсэг зурсан гишүүдийг бас албан тушаалд санаархаж байна гэсэн хардлага нийгэмд байна. Энэ талаар тайлбар өгөөч. Та сайд болох уу?

-Алдаа гаргасан хэн боловч хариуцлагаа хүлээх ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 807,8 тэрбум төгрөгөөр Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хувийн ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд концессын гэрээ байгуулсан. Энэ мөнгө бол бүх хүүхэд сургууль, цэцэрлэгтэй болохуйц хэмжээ. Энэ бол жишээ. УИХ-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ нам харгалзахгүй энэ шударга ёсны асуудлыг дэмжинэ гэж итгэж байна. Гарын үсэг зурсан гишүүдийг хэвлэлээр маш их гүтгэн доромжилж байгаа. Энэ гишүүд итгэл үнэмшлээрээ дэмжсэн гэж ойлгох ёстой. Энэ 30 гишүүн сайд болох нэг ч асуудал тавиагүй байгаа.

-Дараагийн Засгийн газрын бүтэц зурагдсан гэж үнэн үү?

-Дараагийн Ерөнхий сайдын асуудал одоо яригдах болоогүй. Миний хувьд дараагийн Засгийн газрыг толгойлох хүн нь улс орныхоо язгуур эрх ашиг, ард түмэн, төрд шударга ёс тогтоохын төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Хоёрдугаарт Засгийн газрыг бүрдүүлэхдээ нэр цэвэр, элдэв асуудал, бүлэглэлд орооцолдоогүй хүнээр бүрдүүлэх ёстой.

-Танд санал тавьбал та сайд болох уу? Татгалзаж чадах уу?
-Энэ асуудлыг өнөөдөр тавих боломжгүй.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ