Бод малыг дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудад оторлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-22 16:16:45
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн “Отгон тэнгэр”-ийн  Дархан цаазат газар, Тарвагатайн нурууны Тусгай хамгаалалттай газруудад бод малын отор нүүдлийг хийхээр төлөвлөн бэлтгэж байна. 

Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Отгон сумын 99 өрхийн  229 хүн, 56.0 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймагт өвөлжих урьдчилсан мэдээ байна. Харин аймаг дотроо Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт долоон сумын 313 өрхийн 239 мянган мал өвөлжихөөр мэдээ ирүүлжээ. Хилийн зурвас газар нутагт Баянтэс, Тэс сумын 124 өрхийн 47.9 мянган толгой мал өвөлжих ажээ. Завханы говийн бүсийн  нутгаар хур тунадас багатай, халалт, хуурайшилт ихтэй байснаас аймаг дундын Багахайрханы бүс нутагт олон тооны мал хүлээн авах боломжгүй байгаа тул бэлчээрийн даацад тохируулан зохицуулалт хийх боллоо. 

Мөн “Отгон тэнгэр”-ийн  Дархан цаазат газар, Тарвагатайн нурууны Тусгай хамгаалалттай газруудад бод малын отор нүүдлийг хийхээр төлөвлөн бэлтгэж байна. Сумдын ирүүлсэн саналаар Хөвсгөл, Булган, Баянхонгор, Архангай, Увс аймгийн нутагт цаг үеийн байдал, намаржааны нөхцөлөөс шалтгаалан уламжлал байдлаар цөөн тооны айлууд нүүдэллэх зорилготой байгаа тул зохих түвшинд нь хэлэлцэж зохицуулалт хийхээр аймаг, орон нутгуудад албан тоотыг хүргүүлээд байгаа ажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Багахайрханы отрын бүс нутагт 62 өрхийн 70,4 мянга, ДЦГ, ТХГ нутагт 55 өрхийн 0,4 мянган мал, Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Увс аймгуудад 168 өрхийн 69,3 мянган малыг отроор өвөлжүүлжээ.
Б.Мягмарсүрэн 
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ