Аймгийн төвийн ард иргэд "Хөршийн холбоо" байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-21 18:22:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын 6, 9, 12 дугаар багийн ард иргэд хулгай, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор сайн дураараа зохион байгуулалтад орж Хөршийн холбоодыг байгуулжээ.

Уг асуудлаар аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболатаас тодруулахад: "Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж Хөршийн холбоодыг байгуулж байна. Холбооны зүгээс өөрсдийн харьяа тодорхой гудамжнуудад "Хөршийн хяналтын бүс" тогтоож, тухайн бүсийн ард иргэдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлүүлэх, зөвшөөрөгдөөгүй газруудад хог хаях, машинт тавих г.м. асуудлуудад хяналт тавих, аливаа хууль бус үйлдлүүдийг хэсгийн байцаагчдад цаг тухайд нь мэдээлэх зэрэг үйл ажиллагаа явуулна. Энэ ажилд сумын захиргаа, багийн Засаг дарга нарын зүгээс ч дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж эхлээд байна" гэв.  

Одоогоор дээрх багуудад нийтдээ 49 Хөршийн холбоо байгуулагджээ. Аймгийн Цагдаагийн газрын зүгээс тэднийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байгаа ба цаашид бүх багуудад байгуулан ажиллуулахыг төлөвлөж байгаа ажээ. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ