АНУ-ын “USS Indianapolis” байлдааны хөлөг онгоцны сэг 72 жилийн дараа олдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-21 07:43:15
МАНИЛА. /VOA/. Дэлхийн II дайны үед Филиппиний усанд живсэн Америкийн “USS Indianapolis” байлдааны хөлөг онгоцны сэг 72 жилийн дараа  олдлоо.

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен ахлагчтай баг уг хөлөг онгоцыг олсноо өнгөрсөн амралтын өдөр зарласан байна.

Дэлхийн II дайны сүүлчийн өдрүүдэд АНУ тэнгисийн цэргийн хүчний энэ хөлөг онгоц нь Японы Хирошима хотын дээрээс хаясан атомын бөмбөгийг Умард Марианы арлуудын Тиниан аралд тээвэрлэн хүргэж байжээ.



Атомын бөмбөгийг хүргээд Филиппиний Лейте аралд явж байхад нь буюу 1945 оны долдугаар сарын 30-нд энэ хөлөг онгоцыг Японы цэргийн шумбагч хөлөг онгоц торпёдоор харван живүүлж байсан аж.

Живсэн онгоцыг олж илрүүлсэн багийнхан мэдэгдэхдээ “Хамгийн сүүлд хийсэн судалгаанд үндэслэн бид онгоцны байршлыг тогтоох ажилдаа орсон. Онгоцны сэгийг тэнгисийн гадаргуудаас доош 5500 м-ийн гүнээс олсон” гэв.

Онгоцонд 1196 хүн сууж явсны ердөө 316 нь амь гарч байсан юм. Энэ нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн осол болж байлаа.

Хөлгийн багийхан ослын дохио ч өгч чадаагүй бөгөөд онгоц ердөө 12-хон минутын дотор живсэн гэдэг юм.  Үүний улмаас онгоцны байршил 72 жилийн турш нууц хэвээр байсан билээ.



Тус багийнхан хөлөг онгоцны их биен дээрх “35” гэсэн бүртгэлийн дугаар болон “Indianapolis" гэсэн нэрний зургийг авснаа үзүүлжээ.

Г.Доржханд


Холбоотой мэдээ