Хомын талын тахь 60 гаруй толгой болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын Хомын талд тахь нутагшаад 20 иод жил болж байна. Өдгөө 60 гаруй тахь нутагшаад байна.
Цаашид тахь адууны амьдрах орчинг бүхэлд нь улсын ТХГН-д хамруулах, тахь адууны генетик болон популяцийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, тахь адууг эзэмших, ТХГН-ын менежментийг хариуцан хамгаалах эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй байгааг албаныхан мэдээллээ. Дөрвөлжин сумын Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь Хамгаалах Холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газарзүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчинд тахь амжилттай нутагшжээ. Дөрвөлжин сумын Онц багийн нутаг Хомын талын 14000 га орчим хашсан бэлчээрт тахийн гурван азарга 60 гаруй толгой болж өсчээ.
Б.Мягмарсүрэн