Булган аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-17 14:24:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил нийт нутгийн 60 хувь гандуу, 30 хувь гантай байгаагаас мал сүрэг тарга хүч аваагүй, төллөсөн эх мал тэнхрээгүй, төл мал махан тарга авч чадахгүй байна. Газрын гарц муу байгаагаас хадлан бэлтгэдэг газартаа отор хийж, хадлан бэлтгэх боломжгүй болоод байгаа нөхцөлд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарахыг аймгийн Засаг даргын албан даалгаварт дурджээ.

Сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 10 дугаар сарын 01-ний дотор байршуулах, хадлан бэлтгэх боломжгүй сумууд бусад аймаг, сумтай холбоо тогтоож, гэрээ байгуулж ажиллах, өвс, тэжээлийн зах зээлийн үнэ тогтвортой байгаа үед авч нөөцлөх, өвөлжилт, хаваржилт таагүй болсон үед малчдад туслах зорилгоор төр, төсвийн байгууллагаар өвс, гар тэжээл бэлтгүүлэх, түлш, хоол хүнс, дулаан хувцас, ахуйн хэрэглээний бараа бэлтгэн нөөцлөхийг сумын Засаг дарга нарт даалгасан байна.

Зуншлагын байдалтай холбоотойгоор нутагтаа болон отроор өөр аймаг, суманд өвөлжих хаваржих малчдын судалгаа гаргаж энэ сард багтаан нутаг, бэлчээрийг зохицуулах, мал сүргийг халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга хамруулах арга хэмжээ авахыг сум, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
 
М.Батжаргал
Холбоотой мэдээ