Малын нөхөн үржихүйн практикт нэвтэрч буй дэвшилтэд технологийн сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-17 11:09:59
Архангай /МОНЦАМЭ/. ЖАЙКА-гийн “Мал эмнэлгийн боловсролыг дэмжих төсөл”, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуультай хамтран “Малын нөхөн үржихүйн практикт нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэд технологи, үржлийн эрхтний зарим эмгэг” сэдэвт сургалтыг энэ сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт зохион байгуулжээ.

Сургалтаар орон нутагт ажиллаж байгаа мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадавхыг сайжруулах, малын үржлийн эрхтний өвчин эмгэгийг оношлох, эмчлэх шинэ аргуудыг эзэмшүүлэх зорилготой юм. Сургалтын эхний өдөр онолын хичээл явуулж, хоёр дахь өдөр нь Ихтамир сумын малчин айлын үхэрт ЭХО аппаратаар үржлийн эрхтний бүтэц эмгэгийг тодорхойлох сургалтыг хийсэн байна. Сургалтыг Японы Хаккайдайгийн их сургуулийн профессор С.Катагири, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн үржлийн биотехнологи, эмгэг судлалын профессорын багийн ахлагч С.Ганбат, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн багш С.Отгонжаргал, ЖАЙКА-гийн “Мал эмнэлгийн боловсролыг дэмжих” төслийн зөвлөх С.Ганзориг нар удирдан явуулжээ. Сургалтад мал аж ахуйн мэргэжилтнүүд болон малын эмч нар хамрагдсан байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ