10 гаруй жилийн өмнө алга болгосон бөгжөө лууван дотроос олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-16 18:15:42
ОТТАВА. /ВВС/. Нэгэн канад хөгшин арав гаруй жилийн өмнө алга болгосон сүйн бөгжөө санаанд оромгүй газраас олжээ. Бөгж түүний гэр бүлийн тариалангийн талбайд ургасан луувангийн дунд байсан аж.

Өдгөө 84 настай Мэри Грэм 13 жилийн өмнө Алберта муж дахь тариалангийн талбайдаа алмаазан шигтгээтэй бөгжөө алга болгож байжээ. Энэ бөгжийг нөхөр нь түүнд 66 жилийн өмнө өгч байсан гэнэ.

Мэри Грэм бөгжөө алга болсныхоо дараа их эрсэн боловч олж чадаагүй байна. Тэрбээр бөгжөө алга болгосноо нөхөртөө хэлж чадахгүй байсан учир яг адилхан бөгж худалдан авч байжээ. Нөхөр нь таван жилийн өмнө өөд болсон гэнэ.

Энэ сарын эхээр Мэри бэрийнхээ хамт ургацаа хураасан аж. Бэр нь оройн хоолонд хийхээр авсан хэлбэр муутай нэг луувангийн дундаас бөгжийг олсон байна. Мэри “Одоо л сэтгэл амарлаа. Бөгжөө олсондоо баяртай байна” гэж ярьжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ