Завханы Тэс сумын хүүхдийн сувилалд 60 гаруй хүүхэд сувилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-15 18:57:50
Завхан /МОНЦАМЭ/. Завханы  Тэс сумын  Эрүүл мэндийн төвийн дэргэдэх хүүхдийн сувилалд өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд сувилуулан эмчлүүлжээ. Тус Эрүүл мэндийн төв аймагтаа анх удаа Хүүхдийн сувилал ажиллуулж өнгөрсөн онд гэхэд сумынхаа 73 хүүхдийг сувилалд эмчилсэн байна.
Тухайлбал жил бүрийн 6-8 саруудад 0-3 насны  суурь өвчтэй, өвчлөх эрсдэлтэй  хүүхдүүдийг гурван ээлжээр хүлээн авч  эмчилдэг байна. Эмчилгээг 10 хоног шар сүү, айргаар арчих, тосон болон сүүн иллэг массаж, толгойн бариа, элсэн дээр тоглуулах, наран шарлага, агаарт гаргах усаар чийрэгжүүлэх, хоол эмчилгээ, витаминжуулж, шаардлагатай хүүхдүүдэд эмийн эмчилгээг хийдэг ажээ.

Энэ жилийн тухайд сумынхаа өрх толгойлсон эмэгтэйн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг түлхүү авч үнэгүй эмчилсэн байна. Тус сувилал хүүхдүүдийнхээ хоолонд ихэд анхаарч өөрсдийн гараар тарьсан хүнсний ногоо, сүү цагаан идээгээр аль болох эмийн бус аргаар хүүхдүүдийг сувилдаг ажээ. Анх 2013 оноос эхлэн өөрсдийн санаачлагаар хүүхдийн сувилал нээн ажилуулсан нь олон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд зогсохгүй аймагтаа анхдагч хэвээр байна. Мөн сувилал ажиллаж эхэлснээр сумандаа жил бүр хүүхдийн суурь өвчлөлийг багасгаад зогсохгүй сүүлийн таван жил дараалан тус суманд хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт буурч аймгийн дунджаас бага гарчээ. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ