Таиландад 91 настай эмгэн бакалаврын зэрэг хамгаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-10 15:15:53
БАНГКОК. /ВВС/. Таиландын иргэн, 91 настай Кимлан Жинакул бүтэн 10 жил сурсны эцэст бакалаврын дипломоо гардан авчээ. Амьдралын шаардлагаар сургуульд сурч чадаагүй тэрээр насаараа их сургуульд сурахыг мөрөөдөж явсан аж.

Багадаа Таиландын хойд нутгийн Лампан мужид амьдарч байсан тэрбээр мужийнхаа хамгийн шилдэг сургуулийн нэгт сурдаг байсан боловч Бангкок руу нүүж, тэндээ гэр бүлтэй болсноор их сургуульд сурч чадаагүй гэнэ.

Тиймээс тэрбээр үргэлж хүүхдүүдээ сайн сургуульд сургахыг хүсэж, их сургуульд явахыг нь дэмжсээр дөрвөн хүүхэд нь магистрын зэрэг хамгаалсан бол нэг нь АНУ-д докторын зэрэг хамгаалсан аж.



Ингээд хүүхдүүдээ их сургуульд сургаж, гарыг нь ганзаганд хүргэсэн тэрбээр өөрөө сургуульд сурахад болохгүй зүйл байхгүй гэж бодсоноор анх 72 настайдаа их сургуульд элсэн оржээ. Харамсалтай нь нэг охин нь түүнийг сургуульд ороод удаагүй байхад нас барснаар хэсэг хугацаанд сургуулиа орхих хэрэгтэй болсон байна.

Харин 85 настайдаа тэрбээр хоёр дахь удаагаа их сургуульд элсэн орж “Хүн, орчин” чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Килман “Хэзээ ч оройтлоо гэж бодож болохгүй. Дэлхий эргэхээ болихгүй учраас ямагт сурч мэдэж байх хэрэгтэй” гэсэн байна.

Түүнээс сургуулиа хэрхэн амжилттай төгссөн тухай асуухад “Би хамаг чадлаараа л хичээсэн. Хичээлээ ойлгохын тулд хэрэгтэй бүхнийг хийж, тэнцэх хүртлээ шалгалтаа дахин, дахин өгч байлаа” гэжээ.
Харин одоо нэгэнт сургуулиа төгссөн учраас ач, зээгээ харж, гэртээ сууна хэмээн тэрбээр ярьсан байна.
Холбоотой мэдээ