Орон гэргүй 100 иргэнд иж бүрэн гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-08 12:18:42
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ойн хүрээнд 100 иргэнд таван ханатай иж бүрэн гэр олголоо. Гэр хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Ундрах нар болон сум, багийн Засаг дарга нар оролцлоо.

Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон орон нутгийн удирдлагуудад гэр хүссэн өргөдөл багагүй ирдэг бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2017 оны орон нутгийн төсөвт 100 гэр олгох санхүүжилтийг төсөвлөсөн байна.

Гэр нийлүүлэх ажлын тендерт "Хүлгийн Дээд" ХХК-иас шалгарч, орон нутгийн 200 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн гэрийг бэлтгэн нийлүүлжээ. Гэрийн модыг Бат-Өлзий сумаас мэргэшсэн урлаачид хийж гүйцэтгэсэн гэнэ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ