Европын холбоо Оросын эсрэг хоригоо өргөжүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-05 10:36:29
БРЮССЕЛЬ./TASS/. Еюропын холбоо Siemens-ийн турбиныг Орос Крым-д нийлүүлж байгаа явдлыг тойрсон дуулиантай холбоотойгоор Оросын эсрэг авсан хоригоо өргөжүүлжээ. Энэ тухай баасан гарагт ЕХ-ны Зөвлөлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Хар жагсаалтанд гурван хувь хүн, гурван хуулийн этгээд багтжээ. “ЕХ Крым рүү хийн турбин нийлүүлэхэд оролцож буй гурван компани мөн гурван хувь хүнийг Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, бие даасан байдалд халдсан үйлдэлтэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээ авагдсан хувь хүн хуулийн этгээдийн  жагсаалтад нэмэн орууллаа” гэж уг мэдэгдэлд дурджээ.

ЕХ-ны албан ёсны сэтгүүлд мэдээлснээр, дээрх хар жагсаалтанд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Андрей Черезов, Цахилгаан эрчим хүчний шуурхай удирдлага, хяналтын департаментын захирал Евгений Грабчик, Оросын төрийн өмчит “Ростех” корпорацын охин компани “Технопромэкспорт”-ын Ерөнхий захирал Сергей Топор-Гилка нар багтжээ. .

“Дээрх гурван хүнийг Оросоос Крымд хийн турбин нийлүүлсний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэн хоригийн жагсаалтанд оруулсан байна. Дээр дурдсан турбинуудыг анх Siemens компани ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ашиглах зориулалттайгаар Оросд зарсан ба дээрх турбинуудыг цааш нь дамжуулан Крым рүү нийлүүлж байгаа нь гэрээний зүйл заалтыг зөрчиж байгаа юм” гэж ЕХ-ны зөвлөл мэдэгджээ.

Үүнээс гадна хар жагсаалтанд Оросын “Технопромэкспорт” Нээлттэй хувьцаат нийгэмлэг ба Хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг мөн “Интеравтоматика” ХХН оржээ. Дээрх компаниуд турбинуудыг Крымд нийлүүлсний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж Брюссель үзжээ.

Оросын Эрчим хүчний яам тус яамны дэд сайд, хэлтсийн дарга нь хоригийн жагсаалтанд орсон талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Ингэснээр, одоогийн байдлаар ЕХ-ноос Оросын эсрэг авсан хязгаарлалтад 153 хувь хүн, 40 компани орж байгаа юм. Уг жагсаалтанд багтсан бүх хүмүүсийг ЕХ руу орохыг хориглосон төдийгүй Европын банкуудад тэдгээр хувь хүн, компаниудын актив хөрөнгө илэрсэн тохиолдолд уг хөрөнгийг царцаах ажээ.
ЕХ авсан хориг арга хэмжээнүүдийнхээ хугацааг хагас жил эсвэл жил тутам сунгадаг байна.
О.Барс
Холбоотой мэдээ