«Олон улсын армийн тоглолт-2017» тэмцээнд манай баг тамирчид оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-08-05 09:43:55
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Казахстан улсын Жамбал муж дахь Отар-40 цэргийн баазад «Олон улсын армийн тоглолт-2017» үргэлжилж байна. Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яам өөрийн   https://www.mod.gov.kz цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Энэ сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Азербайжан, Армени, Бангладеш, Беларусь, Венесуел, Грек, Зимбаве, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Киргизстан, Монгол, Ором, Тайланд, Таджикстан, Узбекстан зэрэг 20 орчим улсын 400 гаруй цэргийнхэн оролцож байгаа ажээ.
Тэмцээнд оролцогчид «Артиллерийн тоглолтын шилдэгүүд», Мэргэн буудагчийн зааг», «Удирдлагагүй нисэх төхөөрөмжүүдийн тэмцээн»-ий төрлүүдээр цэц мэргэн, авхаалж самбаа, мэдлэгээ сорин өрсөлдөх юм.
Манай улсын Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр «Олон улсын армийн тоглолт-2017» тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн ЗХЖШ-ын цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар ахлагчтай найман хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Өнгөрсөн жил Монголын баг тамирчид анх удаа оролцож багийн дүнгээр тавдугаар байр, мэргэн буудагчийн хослолын төрөлд ахмад Н.Мөнхбаатар /119/, ахлах ахлагч Н.Баясгалан /016/ нар гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм.
Орчуулсан Ө.Нурболта


 
Холбоотой мэдээ