Японы Toyota, Mazda компаниуд хамтран цахилгаан машин зохион бүтээх ажлыг санхүүжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-04 15:46:49
ТОКИО./TASS/. Японы томоохон Toyota, Mazda концерн цахилгаан хөдөлгүүртэй машин зохион бүтээх, улмаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр хамтарсан үйлдвэрийн газар байгуулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ. Энэ тухай баасан гарагт Nikkei сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, дээрх хоёр компанийн төлөөлөгчид Toyota компани Mazda-гийн хувьцааны 5 хувийг худалдаж авах, хариуд нь Mazda компани хамтын ажиллагаанд хөрөнгө оруулахаар хэлэлцээ хийж байгаа ажээ. Ингэснээр дээрх хоёр компани хоёулаа цахилгаан машины дэлхийн заах зээлд 2019-2020 онд гарахаар тооцоолж байгаа юм.

Бүтээгдэхүүнээ борлуулах гол зах зээлийг дээрх хоёр компани АНУ гэж үзсээр байгаа аж. Зардлаа бууруулж, аль болохоор их хөрөнгийг дэвшилтэт технологид зориулахын тулд дээрх хоёр концерн АНУ-д жилд 300 000 хүртэл тооны голчлон бартаат замын машин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хамтран барих аж.

Одоогийн байдлаар Toyota компани АНУ-д зургаан үйлдвэрийн газартай бол Mazda компани тус улсад нэг ч үйлдвэргүй гэнэ. Учир иймээс л нийлүүлэлтийг Япон, Мексикээс хийдэг байна.

2015 онд Toyota, Mazda компаниуд хоёулаа байгаль орчинд хор хөнөөл багатай машин зохион бүтээх, аюулгүй жолоодлогын технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж зарлаж байсан юм. Гэхдээ тэр үед хамтран хөрөнгө оруулах тухай яригдаж байгаагүй юм.

Дээрх хоёр компани хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь тус сонинд тэмдэглэснээр, дэлхийн машины зах зээлийг Toyota-Volkswagen, Renault-Nissan, General Motors зэрэг томоохон концернуудын бүтээгдэхүүний тусламжтайгаар бий болгох чиг хандлага хүчтэй болж байгаатай холбоотой ажээ.

Мөн цахилгаан машины зах зээлийн тодорхой хувийг эзлэх тэмцэлд нэгдэх орох гэсэн Toyota, Mazda компанийн уг шийдвэр нь 2040 он гэхэд дизель, бензин хөдөлгүүртэй машиныг борлуулахыг Их Британи, Франц улсууд хориглох бол дэлхий даяар экологийн норм хэм хэмжээг чангатгах болсонтой холбоотой юм.
О.Барс 


Холбоотой мэдээ