“Ган зам” дууны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-08-02 14:35:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын төмөр замчдын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Улаанбаатар төмөр зам компани болон Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны ар гэрийнхэн “Ган зам” дууны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Монголчуудын сайн мэдэх “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир” дууны үгийг зохиосон Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн төмөр замчдын сүлд дуу болох “Ган зам” дууг 1949 онд бичсэн байна. Ч.Лхамсүрэн 1959-1962 оны хооронд Улаанбаатар төмөр замын ухуулгын галт тэрэгний даргаар ажиллаж, төмөр замчдын соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байсан. Тиймээс түүний алдар гавъяаг хүндэтгэн ийнхүү цэцэг өргөж байгаа юм.

Энэ үеэр Ч.Лхамсүрэнгийн гэргий С.Цэндсүрэн, “Бид найман сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн. Саяхан хүүхдүүдтэйгээ хамт нөхрийнхөө мэндэлсэн газар буюу Баянхонгор аймгийн Баацагаан суманд суварга босгосон. Түүнчлэн “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир” дууг нь сэргээн, шинээр хэвлэсэн.
Би төмөр замаар зорчих болгондоо л ханийнхаа зохиосон дууг аялдаг. Энэ дууг мэдэхгүй төмөр замчин байхгүй” хэмээв.

Мөн өдөр Монголын төмөр замын Соёлын ордонд Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны амьдрал, уран бүтээлийг харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ