Гишүүд картаа сугалснаар хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-04 15:34:10

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын зарим гишүүд картаа сугалснаар гишүүдийн ирц хүрэхээ больсон тул хуралдааныг хойшлуулав.

Ирэх оны төсөвтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Усны сав газруудыг татан буулгаж байгаа нь байгалийн эсрэг, усны эсрэг бодлого оруулж ирсэн байна гэж ойлгож байна. Төсвийн хэмнэлт гэдэг нэрээр байгаль руугаа халдаж болох уу” гэхэд Сангийн сайд Б.Болор, “Байгаль орчны эсрэг яваад байгаа зүйл байхгүй. Ажлын алба татан буугдсанаар чиг үүргүүд байхгүй болохгүй. Орон нутгийн байгаль хамгаалах газарт харьяалагдаад явна. Нийт 44 орон тоо тухайн орон нутгийнхаа Байгаль хамгаалах газар руугаа шилжиж байгаа. Иймд ажлаа үргэлжлүүлэх бүрэн бололцоотой” хэмээн хариулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газар бүтцийн асуудлыг тодорхой болгосны дараа төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үүний дараа гишүүдээс гаргасан саналаар санал хураалт явуулахад хоёр ч санал дараалан унав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун, Я.Содбаатар нар БОНХАЖ-ын сайдын 2016 оны төсвийн багцын урсгал зардлыг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн санал гаргасан байсан ч унасан юм. С.Оюун гишүүний хийсэн тайлбараар бол, “Зардал нэмэгдүүлсэн хэрэг биш. Энэ нь хасч тооцсон зардлыг буцаан тусгаач ээ гэсэн үг юм. Усны сав газар 2 тэрбум төгрөгийн зардал гаргадаг ч өнгөрсөн жил 34 тэрбум төгрөг оруулсан юм. Хоёр тэрбум төгрөг хэмнэнэ гээд 10 жил хийж хэрэгжүүлсэн тогтолцоогоо эвдэх гэж үү” гэлээ.

Ийнхүү гишүүдээс гаргасан хоёр ч санал дараалан унахад Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Бид мэргэжлийн байнгын хороо атал өөрсдийн салбараа дэмжсэнгүй. Бид Төсвийн байнгын хороо шиг хуралдах ёсгүй” хэмээн анхааруулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Нэг газар хамгаалалтын байр барихад 400 сая, угтах хаалганд 290 сая, төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая тавьчихаад зардал хэтрээд байна гээд байдаг. Бодлогын чанартай ажлуудаа авч үлдэх ёстой” гэсэн бол Сангийн сайд Б.Болор төрийн далбааны өндөрлөг зэрэгт тавьсан төсвийг танасан гэсэн тайлбар өгөв.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Усны сав газар сүүлийн 3 жилд 87 тэрбум төгрөгийг төсөв төвлөрүүлсэн. Орлого нэмэгдүүлэх боломжоо ярихгүй, хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтаа хасч танаж чадахгүй байна. АСЕМ-д гэхэд 350 тэрбум төгрөг суулгасан байгаа шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Салбарын яаманд 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл Хууль зүйн яам нэг шорон барихад 20 тэрбум төгрөг тавьсан байсан. Байгаль орчны салбараар мөнгө танах зохимжгүй” гэсэн юм. Эцэст нь зарим гишүүд картаа сугалснаар хуралдаан үргэлжлэх боломжгүй болов.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ